Инфляцын өсөлт, мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтын улмаас 3.5 сая гаруй хүн саятан статусаа алджээ. Нийт нэг сая ам.долларын (790.000 фунт стерлинг) хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2022 онд 62.9 саяас 59.4 сая болж буурсан талаар UBS болон “Credit Suisse”-ийн тайланд дурджээ.
Их Британийн саятнуудын тоо 440 мянгаар буурч, 2.6 сая болсон байна. Оросууд инфляцыг өсгөж, дэлхийн Төв банкуудыг бодлогын хүүгээ хурдацтай өсгөхөд хүргэсэн талаар тайланд онцолжээ. Зээлийн зардал өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд саад болж, бусад валютыг ам.доллартай харьцах ханшаа алдахад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Баялгийн алдагдал Хойд Америк, Европт хамгийн их мэдрэгдэж, нийлээд 10.9 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн байна.
“Credit Suisse”-ийн Наннетт Хэчлер-Файд'Хербе “Шинжээчид 2027 он гэхэд дэлхийн баялаг 38 хувиар өсөж, 629 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа бол энэ таван жилийн хугацаанд саятнуудын тоо 86 сая болж нэмэгдэнэ гэсэн тооцоо бий” гэв.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн судалгаагаар дэлхийн хамгийн баян 500 хүн 2022 онд нийтдээ 1.4 их наяд ам.доллар алджээ. Тэдэн дундаас дэлхийн хамгийн баян хүн Элон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан тэр жилдээ хөрөнгө нь 138 тэрбум ам.доллароор буурчээ.
Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө 2022 оны эцсээр 81 тэрбум ам.долларт хүрч, нийт 45 тэрбум ам.доллароор буурсан байна.