“Мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн төлөв байдал” сэдвээр Монголбанкнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уулзалтын эхэнд инфляцыг онцлов. Төв банкны төсөөлж байгаагаар инфляц оны сүүлийн хагаст нэг оронтой тоонд орж, мөнгөний бодлогын зорилтот түвшинд ойртоно гэлээ.
Улсын хэмжээнд инфляц 11.3 хувьтай байна. Ирэх оны эхний улирал гэхэд зорилтот түвшин буюу найман хувь руу орж, инфляц одоогийн түвшнээс огцом буурна гэж Монголбанк үзэж байна. Хүлээлт эерэг байгааг тодотгов. Бодлогын хүү 13 хувьтай байгаа. Цаашид инфляцын дарамт сулрах, зорилтот найман хувь руу дөхөх хандлагатай уялдуулан бодлогын хүүг эргэн харах, бууруулах эсэх асуудлыг төв банкны Мөнгөний бодлогын хороо хэлэлцэж магадгүй байна.