Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны тавдугаар сард 11.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Судалгааны дүнгээс харахад өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын хэмжээ нэмэгдсэн бол, импортын хэмжээ тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж буй. Ялангуяа сонгуулийн жилтэй холбоотойгоор дотоодын барааны үнэ нэмэгдсэнд иргэд шүүмжлэлтэй байна.Инфляцийг хөөрөгдөж буй гол шалтгаан нь Монгол улсын нийт импортын хэмжээ буурсантай холбоотой.

 

Импортын ачаа өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурав

 

2024 оны тавдугаар сард авто тээврээр 7.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 79.3 хувиар өссөн байна. Үүнээс экспортод 7.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 82.8 хувиар, импортоор 252.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 13.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс харахад ерөнхий зургаараа ачаа тээвэр хэвийн хэмжээнд орж, гарч буй мэт боловч төмөр замаар тээвэрлэх ачааны тоо буурсан нь нийт импортын хэмжээг бууруулжээ. Нийт ачаа тээвэрлэлтийг авч үзвэл төмөр замын тээврээр 2024 оны тавдугаар сард нийт 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.Импортын ачаа 2024 оны тавдугаар сард нийт 552.7 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурчээ.

Төмөр замаар импортын ачааны 64 хувийг, авто тээврээр 36 хувийг тээсэн байна.

 

Дотоодын барааны үнийн өсөлт инфляцийг хөөрөгдөв

 

Инфляци энэ оны тавдугаар сард 5.7 хувьтай гарлаа. Тодруулбал, инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны тавдугаар сард 11.3 хувь гарсан бол 2024 оны тавдугаар сард 5.7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.6 нэгж хувиар буурсан байна.

Улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 35.2 хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 55.1 хувиар тус тус нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Эдгээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бөгөөд дотоодын бараа бүтээгдэхүүн бусад хувийг эзэлнэ.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь гарсны 34.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Тодруулбал,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь

  • Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.5 хувь

  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь

  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь

  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь

  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь

  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

news.mn