2023 он гарсаар эхний 11 сар орчмын байдлаар “Топ-20”-ийн сагсанд багтдаг дотоодын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш буурсан хөдөлгөөнтэй байна. Тухайлбал: АПУ ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн арилжаа хаахад 0.09 хувиар буурч, 1136 төгрөг боллоо. Энэ нь өнгөрсөн оны сүүлийн арилжаанаас 18 хувиар буурсан дүн болж байна. Хэдий тийм боловч дунд хугацаанд буюу 2021 оны тавдугаар сарын эцсийн ханшаас 1.8 дахин өссөн үзүүлэлтээ хадгаллаа. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. АПУ ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж нь 2022 оны байдлаар 21.9 хувь байгааг “БиДиСек ҮЦК” ХК мэдээлж байв.
Харин 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 5.9 тэрбум төгрөгөөр өсөж, 199.3 тэрбум төгрөг болоод байна. Нэгж хувьцааны ханш нь оны эхний 11 сард 2.8 хувиар өсжээ. 52 долоо хоногийн арилжааны ханш нь 240 төгрөгөөс 307 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
"Монос" группийн харьяа компаниудын нэг “Монос хүнс” ХК-ийн нэгж хувьцааны ханш 2023 он гарсаар 20 гаруй хувиар буурч, сүүлийн арилжааг 99.18 төгрөгт хаалаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаа орчим хувиар өсөөд байгаа аж.
Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн 11 сарын арилжааны мэдээллээс харахад 23 гаруй хувиар унаснаар зах зээлийн үнэлгээ нь 124.8 тэрбум төгрөг болсон байна.
Харин дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж буй “Түмэн шувуут” ХК-ийн нэгж хувьцааны ханш он гарсаар 8.9 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 4.7 орчим хувиар өсжээ. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 63.8 тэрбум төгрөг байна. “Түмэн шувуут”-ын өөрийн хөрөнгийн өгөөж 2022 оны байдлаар 20.9 хувь байсан юм.
Санхүүгийн зохицуулах хорооны III улирлын тайлангаар аж үйлдвэрийн салбарын компаниудын зах зээлийн нийт үнэлгээ “Топ-20”-ийн 38.4 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 17.9 нэгж хувиар буурсан дүн болж байна. Тайлант хугацаанд банк санхүүгийн салбарын компаниудын эзлэх хувь хоёр дахин буюу 19.1 нэгж хувиар өсөж, 38.8 хувь хүрсэн үзүүлэлттэй байгааг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа.