БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын бондоос өндөр өгөөж хүртэх боломж байгааг “Goldman Sachs Asset Management” мэдээллээ. Гуравдугаар сард тус улсад шинэ орон сууцны борлуулалт хоёр дахь сардаа дараалан өссөн байна. Энэ нь зохицуулагчид өнгөрсөн оны эцсээс хойш үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хямралаас гаргахаар олон арга хэмжээ авсантай холбоотой аж. Хувийн компани дефолт зарласан эсэхээс үл хамааран бондоос нь өндөр өгөөж хүртэх боломж байгааг шинжээчид онцолж байна. БНХАУ-ын өндөр өгөөжтэй үл хөдлөх хөрөнгийн бондын үнэ дунджаар 50 центтэй тэнцэж байгаа аж. Харин  тус улсын Төрийн өмчит барилгын компаниудын бондоос өндөр өгөөж хүртэх боломж хязгаарлагдмал байгааг “Goldman Sachs Asset Management” тайландаа дурджээ. Энэ нь Төрийн өмчит компаниуд хувийн компаниудтай адил түвшний дарамттай нүүр тулаагүйтэй холбоотой юм байна. БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрвөх чадварын хямралд голчлон хувийн компаниуд өртөж, өнгөрсөн онд олон компани дефолт зарласан юм. Хямралд өртсөн дийлэнх компаниуд аль хэдийн дампуурлаа зарласан учир энэ онд цөөхөн хэдэн компани л дефолт зарлаж магадгүйг шинжээчид онцолжээ. Орон сууцны борлуулалт өсөхийн зэрэгцээ компаниудын өрийг дахин төлөвлөх яриа хэлэлцээнд ахиц гарсан байна. “Evergrande” болон “Sunac” компаниуд саяхан бонд эзэмшигч нартайгаа өрийг дахин төлөвлөх асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.