Гэгээн анир

Ид шид

G.Press 1 жилийн өмнө 178 үзэлт 0 сэтгэгдэл

-Сэтгэлийн анир

 

 

Ид шид гэгч зөвхөн үлгэрт л гардаг гэж үү. Үгүй дээ, энэ ертөнцийн ид шидтэй та хэзээ ч таарч магадгүй. Зүрх сэтгэл чинь хайраар дүүрэхийн цагт та жинхэнэ ид шидийн ертөнцөд амьдарч эхэлнэ. Онцолж дурласан тэр л хүний чинь инээмсэглэсэн дүр өглөө нүдээ нээхэд чинь таныг ширтэж, шүдээ угаах хооронд ч угаалгын өрөөний толинд дурайж байх вий. Ажилдаа яаран гүйх, автобусанд чихэлдэн амьсгал авахад хүнд байсан  ч сэтгэлд чинь тэр хүн нар шиг мандаж, нүүрэнд инээмсэглэл тодорч байна гэдэг эргэлзээгүй. Түүнтэй харц мөргөлдөхийн тулд, аз таарвал ганц үг солихын төлөө чи хэдэн өдөр бэлтгэнэ.

Аав, ээж, ах эгч, найз нөхөд дэргэд байлаа ч сэтгэл чинь мянган бээрийн алсад тэмүүлж, ертөнцөд тэр хүнээс өөр хэн ч байдаггүй юм шиг санагдана.

Хоногийн хоолгүй хоосон оройг түүний ганцхан дотно үг цатгаж, түүний ганц үнсэлт өвлийн нүдгүй шуурганаар гүйгээд гарсан ч даарахааргүй дулаацуулна.

Ажлын хариуцлага алдан даргадаа зэмлүүлж зогсохдоо ч  хайртай хүний чинь хөгжилтэй яриа гэнэт бодогдон түс хийтэл инээлгэж мэднэ.

Хайр гэдэг тарчигдуухан нэгний сэтгэлийг диваажин мэт гэрэл гэгээгээр дүүргэж, баян тансаг нэгнийг сэтгэлийг харанхуйлан хоосолж мэднэ.

Хайр хэзээ ч хүн бүхний хүссэн хариултыг өгдөггүй ч хэрнэ хэзээ нэг өдөр жигүүр ургуулна. Харин тэр жигүүр таныг хаа хүргэж, аз жаргал амсуулах уу, аль эсвэл нулимс урсгаж, гомдол мэдрүүлэх үү  гэдгийг таашгүй.

Ямар ч шидэт дагина, илбэт цурхай хэрэггүй ид шид гэдэг зөвхөн хайранд байдаг даа.

 

Б.Цэгцүүхэй 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.