Нүүр Сурвалжилга И.Батсуурь: Аав минь “Номыг нь сурдаггүй юм гэхэд номхныг нь сур” гэж захисан нь...
Сурвалжилга

И.Батсуурь: Аав минь “Номыг нь сурдаггүй юм гэхэд номхныг нь сур” гэж захисан нь миний амьдралын дүрэм

G.Press 1 жилийн өмнө 181 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сайншанд зангилаанд зохион байгуулсан  “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөний үеэр нэгэн өндөр настан онцгой харагдаж, энгэрт нь ”Алтан гадас”, “Хүндэт төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” тэмдэг гялалзах нь түүнийг төмөр замд хэр үр бүтээлтэй ажиллаж ирснийг илтгэнэ. Түүнийг Ишдоржийн Батсуурь гэдэг. Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Аав Л.Ишдорж нь сумандаа малын эмчээр 40 жил ажилласан, ээж Д.Цэрэндолгор нь өдгөө 95 настай буурай энх тунх амьдарч байна. Аав  нь нэгийг нь ч гэсэн төв бараадуулъя гэж шийдсэнээр тэрбээр Сайншанд өртөөнд агент, туслах жижүүр хийж байсан И.Дэлгэрсуурь ахыгаа дагаж явснаар 1980 оны есдүгээр сард дагалдан холбогчоор ажилд орж байжээ. И.Батсуурь төмөр замын мэргэжлийг практик дадлагаар эзэмшиж, сайн багш, хамт олны дэмжлэг, өөрийн уйгагүй хичээл зүтгэлээр оногдсон ажлаа нэр төртэй гүйцэтгэсээр 35 жилийг ардаа үдсэн байна.

И.Батсуурь,”Миний гэргий Д.Тунгалаг Архангай аймгийн уугуул, Дорноговь аймгийн суугуул. 1983 онд Улаанбаатар төмөр замын ТМС-ийг техникч мэргэжлээр төгссөн. Явуулын кассир, туслах жижүүр, суурин кассир хийж байгаад тэтгэвэртээ суусан. Манайх гурван хүүхэдтэй. Бид хоёр төмөр замд ажиллаж байсны ачаар гурван хүүгээ дээд сургууль төгсгөсөн.  Тэд ЭЕШ-ын 800 оноог авч байлаа. Том хүү Б.Батбаяр 2004 онд ТЗДС-д орж, 2005 онд В.Путины тэтгэлэг зарлагдаж  төмөр замаас дөрөв, төсвийн байгууллагаас 46 хүүхэд шалгарсны нэгээр сонгогдож, ОХУ-д долоон жил суралцсан. Дунд хүү Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, бага хүү  ШУТИС-ийг төгсөж, одоо Тавантолгойд ажиллаж байна. Би өөрөө сургууль соёл төгсөөгүй болохоор үр хүүхдээ дээд боловсролтой болгохын төлөө л ажиллаж, ганган сайхан хувцас өмсөлгүй зүтгэсэн дээ. Төмөр замын ач буян их учраас насан туршдаа баярлаж явдаг. Би 1993 онд “Онц хөдөлгөөнчин”, 2010 онд “Хүндэт төмөр замчин”, байгууллагын дөрвөн удаагийн аварга, зангилааны гурван удаагийн аварга, 2010, 2011 онд дараалан Замын мэргэжлийн аваргаар шалгарч байв. Мөн 2014 онд “Алтангадас одон”-гоор шагнуулсан. Холбогч найруулагч үнэхээр сайхан мэргэжил. Сайн дарга, хамт олон, хань, өөрийгөө зөв авч явсны хүчинд хүүхдүүдээ дээд боловсролтой болгосон нь төмөр замын буян гэж ам бардам хэлнэ” хэмээн бахархан өгүүлж байв.

И.Батсуурь өнгөрсөн 35 жилийн хугацаанд өглөө бүр 07:10 цагт гэрээсээ гарч, 07:20 цагт ажилдаа ирнэ. Даргаасаа зааварчилгаа авна. Жижүүрийнхээ удирдлага дор найруулагч ажлаа гүйцэтгэнэ. 20 гаруй салбар зам дээр өглөөний  08:30-20:30 цагийн хооронд сэлгээний ажлыг хийж дараагийн ээлжийн ажилтанд хүлээлгэн өгнө. Тэр бүгдийг найруулахдаа туслах жижүүрээс ивүүр авна, салбар замуудад вагон тавьж өгдөг. Жилийн дөрвөн улиралд цастай, бороотой ч, нүүр нүдгүй шуурч, харагдах орчин хэцүү байсан ч зогсох эрхгүй учир ажлаа гүйцэтгэсээр л ирсэн. Сүүлдээ холбогч найруулагчид замаа андахгүй. Сумныхаа наана заавал сэлгээтэй очиж зогсоно. Олон жил ажиллахаар гологдол зөрчил гаргахгүй, ер нь хувь хүнээс их шалтгаална. Тэр “Би өөрөө ч их махруу. 10 настайгаасаа гэрээс хол дотуур байраар хүмүүжин биеэ даагаад сурчихсан. Галт тэрэгний найруулагчийн ажил хутганы ирэн дээр гэдэг шиг явагдана. Холбогч найруулагчийн ажил үндсэндээ эр зоригийн шалгуур. Миний ганц хэлэх дуртай үг. Тэсвэр хатуужилтай, сонор сэрэмж сайтай хүний хийдэг ажил.  Янз бүрийн зүйл л тохиолдоно. Миний анхны багш Даваажав намайг сайн сургасан. “Суурь шиг найдвартай хүн ховор” гэж тэр үеийн машинч нар ярьдаг л байсан. Би архи, тамхи огт хэрэглэдэггүй. “Номыг нь сурдаггүй юм гэхэд номхныг нь сур” гэж аав маань хэлж, захиж байсан нь миний амьдралын алтан дүрэм болж, өдий зэрэгтэй ажиллаж, амьдрахад нөлөөлсөн” хэмээн дурсан ярьсан юм. 

Одоо тэрбээр Ар, өвөр Шанд хоёрын хооронд долоо хоногийн гурван өдөр,  гурван км газар алхдаг. Эрүүл мэндээ анхаарч, үргэлж хөдөлгөөнтэй байхын тулд  алхах дуртай. Шатар тоглоно. Сайншанд зангилааны Ахмадын холбооны бүх арга хэмжээнд оролцоно. Сайншанд өртөө түүний хоёр дахь гэр ажээ. “Би эндээс хоолоо олж идэж байгаа. Намайг ямархуу  ирэхэд Сайншанд өртөө хүлээж авч байсныг үргэлж санадаг. Тэтгэвэртээ гарлаа гээд тоохгүй байж огт болохгүй, би  үргэлж залбирч явдаг. Аливаа арга хэмжээнд хүндэтгэлтэй хандахыг хичээдэг учраас өнөөдрийн уулзалтад одон тэмдгээ зүүгээд ирсэн чинь “Од” боллоо” гэж хошигнож, Залуучуудын холбооны даргаасаа бэлэг хүртэл авлаа хэмээн инээмсэглэж байв. Мөн “Хийж чадвал төмөр замын ажил сайхан. Ээлжийн ажил их онцлогтой, өдөр шөнийн ээлжийн алинд нь ч гарсан унтаж амарч байх хэрэгтэй. Нойргүй явснаас эрүүл мэндээ алдана, ажлын гологдол гаргах явдал ч гарна. Ажилдаа өөриймсөг сайн  хандаж ажиллах хэрэгтэй. Тууштай сайн ажиллаарай” хэмээн залуу төмөр замчдадаа захиж байсан.

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.