Японы “JR East” компани 2028 оноос “Жоэцү Шинкансен” шугамын зарим чиглэлд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ нь дэлхийн анхны жолоочгүй өндөр хурдны галт тэрэг болох юм. Автомат жолоодлоготой галт тэргүүд нь Токио хотоос баруун хойд зүгт орших Нийгата мужид байрлах Нагаока, Нийгата буудлуудын хооронд 55.7 км зайд зорчих аж. “JR East” компани 2030-аад оны дунд үеэс “Жоэцү Шинкансен” шугамын бүх чиглэлд жолоочгүй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Автоматжуулсан систем нь хүний ​​алдаатай үйлдлийг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулж, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо буурч байгаа энэ үед ажиллах хүчний хомсдолыг шийдэхэд тус дөхөм болно гэж тус компани үзсэн байна. “JR East”-ийн захирал Йоичи Кисе “Автомат жолоодлоготой технологи нь галт тэрэгний хуваарийг илүү уян хатан төлөвлөх боломжийг олгож байгаагийн зэрэгцээ галт тэрэгний ажилтнууд илүү өргөн хүрээний үүрэг даалгаврыг биелүүлэх бололцоог бүрдүүлнэ” гэжээ. Мөн Токио болон Япон тэнгисийн эрэг, нийслэл болон тус улсын зүүн хойд мужуудыг холбосон “Хокүрикү”, “Тохокү Шинкансен” зэрэг чиглэлд автомат жолоодлоготой галт тэргүүдийг ашиглах асуудлыг судалж байгаа аж. Бусад оператор компанийн хувьд, Токио, Осака хотыг холбосон “Токайдо Шинкансен” шугамын оператор “JR Central” компани 2028 онд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.