Нүүр Тэмдэглэл Япон улс төмөр замд тусламжийн гараа сунгаагүй бол байдал үнэхээр хүндрэх үе бай...
Тэмдэглэл

Япон улс төмөр замд тусламжийн гараа сунгаагүй бол байдал үнэхээр хүндрэх үе байлаа

G.Press 1 жилийн өмнө 175 үзэлт 0 сэтгэгдэл

 

Саяхан 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Япон улсын илчэн сайдын яамнаас зохион байгуулсан Япон улсын эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх арга хэмжээ боллоо. Япончууд ч юманд нарийн ханддаг өндөр зохион байгуулалттай хүмүүс болохоор ёс горим сахисан утга төгөлдөр сайхан арга хэмжээ болов. Монголын төр олон нийтийн төлөөлөл болсон олонч хүмүүс оролцсон.

1990–2000-аад оны эхэн үед Япон улсын засгийн газраас Улаанбаатар Төмөр Замд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгож хэрэгжүүлсэн нь зөвхөн төмөр замын төдийгүй манай улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр болсон билээ. Японд төмөр замын үйлчилгээ бараг айл бүрт орсон байдаг учир тэд бидэнд төмөр замд нь тусалчихвал түүгээр дамжаад Монгол улсын эдийн засагт бодьтой хувь нэмэр болно гэж тооцсон байх. Тэр он жилүүдэд Япон улс бидэнд тусламжийн гараа сунгаагүй бол байдал үнэхээр хүндрэх байлаа. Амьд хүн арван гурван мэхтэй гэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд ч болов эрэх биш нэг юм дэгэнцээд ч болов явах л байсан байх л даа. 1990 онд Японы Иточү пүүсийн захирал Танака гэх тохьтой эр манай төмөр замын Удирдах газар конторлодог байсан юм. Тэрээр нэгэн өдөр надад хандаж хэлэхдээ намайг Үйлдвэр худалдааны яамны сайд нөхөр Баярбаатарт хаяглаж албан захидал явуулахыг зөвлөсөн юм. Түүндээ төмөр замын байдлаа хэлээд 100 ширхэг тепловоз, ачаа суудлын вагонууд, зам төмөр зэргийг авах шаардлагатай байгааг хүсэлт болгож бичих нь зүйтэй гэж хэлсэн юмдаг. Зөвлөгөө ёсоор миний бие захидал бичиж Япон улсын ЭСЯ, Олон улсын Жайка байгууллага, донор орнуудын элчин сайдын яамдад хуулбарыг хаяглаж хүргүүлсэн. Уг захидал маань тэр дороо хадны цуурай шиг дотоод гадаадын олон хүний сонорт хүрсэн билээ. Тэгээд л төмөр замыг судлах Япон улсын техник үйлчилгээний баг манайд ажиллаж эхэлсэн. Мөн 1993 оны зун их бороотой жил байж билээ. Энэ тэнд зам усанд авхуулж, гүүр хоолой сэтэрч хүндхэн үе байв. Тэгэхэд манайд ажиллаад эхэлж байсан Япон улсын зөвлөх пүүсийн захирал Маеда сантай миний бие уулзаж Японд байгалийн гамшиг яаж төмөр замд нөлөөлдөгийг та биеэрээ амсаж байдаг хүний хувьд одоо бидэнд нүүрлээд байгаа ус үерийн асуудлыг анхаарч үзэхийг хүсэж байж билээ. Ёсоор болсон юмдаг.

Япон улсын засгийн газраас Мон ПИ-1, Мон ПИ-2 төслүүдийг хэрэгжүүлж, тэр хүрээнд Зүтгүүрийн депод 46 ширхэг тоног төхөөрөмж, ДАШ-7 нэртэй америк 2 зүтгүүр, 455 ширхэг ачааны вагон, 30 ширхэг суудлын вагон, 200 км өндөр хатуулгатай зам төмөр зэргийг Олон улсын тендерээр худалдан авч төмөр замаа шинэчилсэн юм. Энэ зээл, тусламж нь дэлхийд тээврийн шинжлэх ухаан, техник технологи ид хөгжсөн үед урт хугацаатай бага хүүтэй олдсон юм (23 жилийн хугацаатай, эхний 10 жилд нь хүүгээс чөлөөлөгдсөн, хүү нь 2.3 хувь). Мөн Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж, шилэн кабель, ус үерээс хамгаалах төслүүд буцалтгүй тусламжаар хэрэгжсэн. Энэхүү зээл тусламжийг хэрэгжүүлэхэд Япон улсаас Монгол улсад сууж байсан элчин сайд Хасуми, Ханада, Кувота, Шимизү нарын зэрэг олон сайхан хүмүүс чин сэтгэлээр бидэнд хандаж тусалж байж билээ.

2023 онд Японы зээлийн эргүүлж төлөгдөж чадаагүй байсан мөнгөн дүнг ХНН УБТЗ-ын Монголын талын хувь хөрөнгө болгож түүнтэй тэнцэх үнэ бүхий 5 ширхэг 2ТЭ25Кн зүтгүүрийг Бряньскийн заводад үйлдвэрлэж Оросын талын хувь хөрөнгө болгон бидэнд өгсөн билээ. Бид зөвхөн техник технологи аваад зогсоогүй урт, богино хугацаагаар 70 гаруй инженер техникийн ажилтнуудыг Япон болон бусад өндөр хөгжилтэй орнуудад илгээж мэргэжил дээшлүүлж туршлага судлуулсан. Ер нь япончууд хүн сургах асуудалд өндөр ач холбогдол өгдөг юм билээ. Ингэж 1990-2000-аад оны эхэн үед Япон улсаас үзүүлсэн зээл тусламж нь ёстой бидний арьс маханд шингэсэн юм. Жинхэнэ цагаа олсон тусламж зээл дээ.

 

Ахмад төмөр замчин Р.Раш

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.