ТЗИС-иас “Тээврийн коридор, логистик ба олон улсын болон үндэсний төмөр замын бодлого, стандартчилал” судалгааны семинарыг зохион байгуулж, багш, судлаачид оролцлоо. Олон улсын тээврийн коридор, Улаанбаатар хотод ачаа тээврийн төрөлжсөн логистикийн төв байгуулах, аюултай ачааг тээвэрлэх ADR-т Монгол Улс хэрхэн нэгдэх, агуулахын үйл ажиллагаанд "Яг цагт нь систем"- ийг хэрэгжүүлснээр вагон эргэлтийг хурдасгах боломжийн талаар хэлэлцлээ. Мөн УБТЗ ХНН-ийн салбарын хөрөнгө оруулалт, бодлогын талаарх судалгааны ажлуудаа хэлэлцүүлж, асуулт хариулт өрнөсөн байна. Тус семинараар ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын харьяа бүх шатны сургуулиудад зочлон, туршлага судалсан тухай сонирхолтой танилцуулгыг ч хийсэн аж.
Мөн өдрүүдэд ТЗИС-ийн багш нар “Дээд боловсролын хөгжил, хэрэглээний хэл шинжлэл” сэдэвт судалгааны семинарыг ч зохион байгуулсан. Семинараар багш, судлаачид сургалтын арга зүй, хөтөлбөрийн үнэлгээ, суралцахуйн үр дүн, оюутны хөгжил болон боловсролын менежментийн чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж харилцан туршлага солилцов. Хэлэлцүүлгээр 10 илтгэл хэлэлцэгдэн оролцогчид дээд боловсролын чанарыг сайжруулах, судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож үр дүнтэй өндөрлөжээ. Эдгээр ажлыг хийснээрээ багш нарын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгааны чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой хэмээн дүгнэжээ.
