Нүүр УБТЗ ХНН Гурван улсын хилийн зөвлөгөөн эхэллээ
УБТЗ ХНН

Гурван улсын хилийн зөвлөгөөн эхэллээ

G.Press 9 сарын өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

Энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо гурван улсын төмөр замуудын хилийн зөвлөгөөн эхэллээ. Хилийн зөвлөгөөнд Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөл таван өдрийн турш хуралдах юм.  

Зөвлөгөөнөөр талууд хөрш зэргэлдээх төмөр замуудтай галт тэрэг солилцоо, ачаа тээврийн зохион байгуулалт, вагон хүлээлцэх журам, техникийн байдал, мөн тариф тооцооны асуудлыг хэлэлцэнэ.

Сүүлийн жилүүдэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридор болох УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа. 2024 онд “УБТЗ” ХНН 33.4 сая тонн ачаа тээвэрлэсний 5.3 сая тонн нь транзит, 11.6 сая тонн нь экспорт, 3.8 сая тонн нь импортын ачаа бүрдүүлсэн нь өсөн нэмэгдэж байгаагийн хамгийн сүүлийн жишээ юм. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын тээвэрлэсэн нийт ачаа тээврийн 62 хувийг гадаад худалдааны ачаа эзэлсэн байна.

Дэлхий улс төр нийгмийн хуваагдал, тарифын хязгаарлалт зэргээс шалтгаалан Зүүн Хойд Ази дахь худалдаа, эдийн засгийн тэлэлт, хамтын ажиллагаанд тулгуурласан дээрх тээврийн өсөлт нь бүс нутгийг холбосон тээврийн чухал коридор УБТЗ-ын хувьд тээвэрлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлэх, суурь бүтцээ сайжруулах бодит шаардлагыг бий болгож байна. Иймд, өсөн нэмэгдэж байгаа тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд урд хилээр хоногт солилцож буй галт тэрэгний тоог нэмэгдүүлэх нь энэ удаагийн хурлын гол агуулга байхаар байна.  

Өнөөдрийн байдлаар, манай улс экспортынхоо 90 гаруй хувь, импортынхоо 50 гаруй хувийг татан авдаг БНХАУ-ын Эрээн өртөөтэй хоногт 15 ба түүнээс дээш галт тэрэг солилцож байна.

Сонирхуулахад, 50 вагонтой 1 цувааг бид 1 галт тэрэг гэж тооцох бөгөөд хоногт солилцох галт тэрэгнийхээ тоог 1-ээр нэмэгдүүлэхэд ачаа тээврийн хэмжээ 1.5 сая тонноор нэмэгдэх боломжтой. Ингэснээр экспортод гарч буй түүхий эдийн бүтээгдэхүүний үнээс хамаарч жилд дунджаар 14 сая ам.доллар буюу 53 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг бүрдүүлэх аж.  

УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлснээр дам байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг тул хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх явдал нь дан ганц УБТЗ бус манай улсын гадаад худалдаанд чухал нөлөөтэй. Ялангуяа, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.