Монгол, Орос, Хятадын "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх гурван улсын хамтарсан ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийн дээд түвшний анхдугаар хуралдаан 2023 оны 06-р сарын 29-ний өдөр ОХУ-ын Москва хотноо "Оросын төмөр замууд" НХН-ийн төв оффист болж өндөрлөлөө. Мөн зургадугаар сарын 30-нд Москва хотноо Эдийн засаг, хөгжлийн яаманд Шинжээчийн түвшний 6-р хуралдаан тус тус зохион байгуулагдав. Гурван улсын хамтарсан зөвлөгөөнд ОХУ-ын талаас Тээврийн яамны газрын захирал А.А.Федорчука, "Оросын төмөр замууд" НХН-ийн захирлын 1-р орлогч С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Төмөр замын захиргааны орлогч захирал Ань Лушинг тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын талаас ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар тэргүүтэй ЗТХЯ, Гадаад хэргийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Боомтын захиргаа, УБТЗ-ын төлөөлөл оролцож, "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийн ТЭЗҮ боловсруулах талаар хэлэлцэв. Зөвлөгөөнөөс дараах шийдвэрүүд гарлаа.

1. Долдугаар сарын 6-ны дотор протоколыг талууд хянаж баталгаажуулсан байх,

2. Есдүгээр сарын 1-ний дотор талууд хамтран "Эдийн засгийн коридор"-ын шугамаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлж тохиролцох,

3. Аравдугаар сард талууд техникийн нөхцөл, санхүүжилт, ачааны хэмжээг тооцсон ТЭЗҮ-г эхэлж, БНХАУ-д зөвлөгөөн зохион байгуулах,

4.Арванхоёрдугаар сард ажлаа дүгнэж, цаашид арга хэмжээг тодорхойлох чиглэлээр Монгол Улсад хурал зохион байгуулах, 

5. ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд талууд ажил хариуцагчийг томилох шийдвэрүүдийг гаргаж харилцан ойлголцолд хүрч хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.