Гурван үеийн уулзалт зөвлөгөөн -2023 арга хэмжээ Эрдэнэт зангилаанд зохион байгуулагдлаа.

Уулзалтад Ахмадын холбоог төлөөлж Монгол Улсын Гавьяат багш, Хүүхдийн секторын дарга асан Л.Цолмон, ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ахмадын холбооны дарга Т.Дашням, Залуучуудын зөвлөлийн дэд тэргүүн, Вагон ашиглалтын депогийн орлогч дарга Б.Азжаргал, Эрдэнэт зангилааны дарга Т.Доржжанцан, зангилааны Ахмадын хорооны дарга Б.Базардарь тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төмөр замчид оролцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон “Залуус маань аливаа ажилд санаачилгатай байж, аль нь зөв зам юм, зөв сонголт юм гэдгийг таньж мэддэг байх нь чухал. Бидний үеийг бодоход өнөө цагт техник технологи хөгжөөд сайхан болсон. Хөгжин дээшлэх боломж алхам бүрд таарч байна. Тиймээс залуус та бүхэн өөрийгөө сайн дайчлан суралцах хэрэгтэй. Дээр нь, эрүүл мэнддээ нэн тэргүүнд анхаар. Эрүүл биед саруул ухаан оршдог юм. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийж бай...” гэхчлэн зөвлөсөн бол ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ахмадын холбооны дарга Т.Дашням дээр үеийн залуус нийгэм соёлын бүхий үйл ажиллагааг манлайлж оролцоод зогсохгүй хүнлэг сэтгэлтэй байж, хүмүүнлэг үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг байсан талаар ярилаа. Өөрөөр хэлбэл, залуус хэн нэгэндээ болон ахмадууддаа туслах хүмүүнлэгийн олон ажлыг зохион байгуулах нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлж, үүгээрээ дамжин ажлын бүтээмж сайжирдаг гэдгийг хэлсэн юм.

Гурван үеийн чуулга уулзалт ирэх 7 хоногт УБ, ЗНХ зангилаадад үргэлжилнэ.