УБТЗ ХНН-д залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойтой холбогдуулан УБТЗ-ын ХЗЭ, залуучуудын байгууллагын түүхэн хөгжлийн талаар цуврал материалыг манай сониноор дамжуулан нийтлэх юм. Энэ удаад УБТЗ-ын Хос “Алтан гадас одон”-т ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ахмад төмөр замчин Д.Бадарчийн дурсамж тэмдэглэлийг хүргэе.
БИД ШИНЭ ЦАГИЙН ЗАЛУУСЫНХАА СЭТГЭЛ, ЗҮТГЭЛД ИТГЭЛТЭЙ БАЙНА
Юун түрүүнд УБТЗ ХНН-ийн Залуучуудын байгууллагын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээг бүтээж яваа идэвхтэн сонгуультан, гишүүддээ түүхт 70 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Миний бие тус байгууллагыг ХЗЭ байх үед нь удирдаж асан ахмад ажилтны хувьд өнгөрсөн цагийн түүхэн дурсамжаа нэхэн санаж, уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа баяртай байна.
Мууг няцуулахад сэтгэлээ мушгиж хэрхэвч битгий үйлд
Сайныг сурахуйд зоригоо чангатган онц бүтээн зогс
Хүн хэдий сэцэн төрөвч сурталгүй үл болох
Хүлэн хэдий хурдан төрөвч уналгүйгээр үл мэдмүй
Анх 1950 оноос Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Мандал өртөөнд залуусын санаачилгаар ХЗЭ-ийн үүр байгуулагдаж эхэлсэн юм. Харин МХЗЭ-ийн төв хороо 1953 оны аравдугаар сарын 30-нд УБТЗ-ын ХЗЭ-ийн хороог байгуулж анхны даргаар нь Ц. Гомбодоржийг томилсон түүхтэй. Улмаар 1953 оны арванхоёрдугаар сарын 18-нд УБТЗ-ын ХЗЭ-ийн хорооны бага хурал болж долоон үүрээс 241 хүнийг төлөөлөн сонгогдсон 32 төлөөлөгч оролцсон байдаг. Тэдний тав нь эмэгтэй, дөрөв нь МАХН-ын гишүүн, гурав нь замчин, замын бригадын дарга, дөрөв нь холбоочин, хөдлөх бүрэлдэхүүний салбараас нэг ажилчин, найм нь бүрэн бус дунд боловсролтой, долоо нь бага боловсролтой, зургаа нь бүрэн дунд боловсролтой, 11 нь монгол бичигтэн байжээ. Тус хуралд Төмөр замын намын хорооны нарийн бичгийн дарга Б.Банзрагч үг хэлсэн байдаг.
Хурлаас төмөр замын ХЗЭ-ийн зохион байгуулалтаас гадна хүмүүжлийн ажлыг сайжруулах, залуу гишүүдийн хариуцлага, сахилга, боловсролыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, социалист уралдаан өрнүүлэн дүгнэх, Орос мэргэжилтнээс суралцах, тэргүүний сайчуудын санаачилга туршлагыг нийтийн хүртээл болгох зэрэг 23 заалт бүхий тогтоолыг гаргасан байна. Энэ бол орчин цагийн төмөр замчин залуусын санаачилгаар байгуулагдсан Төмөр замын ХЗЭ-ийн байгууллагын түүхийн эхлэл юм.
Монголын залуучуудын байгууллагын үүсэл хөгжил талаас нь харвал бүр 1921 оноос эхтэй. Тухайн үеийн залуус нийслэл хүрээнд Бошгыг халах эвлэл хэмээх байгууллагыг үүсгэн байгуулж, улс эх орондоо шинэ цагийн гэгээ болон залуусын хөдөлгөөнийг эхлүүлсэн түүхтэй. Монгол Улсад энх цагийн бүтээн байгуулалт ид өрнөж, салбар бүрт хөгжил цэцэглэлтийн үр соёолж байх үед Монголын ХЗЭ-ийн байгууллагад хүч сэлбэн орж түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн залуусын байгууллага бол УБТЗ дахь ХЗЭ-ийн хороо байв.
УБТЗ-ын ХЗЭ-ийн хорооны удирдлагын бүтэц нь товчоо, орон тооны аппарат байлаа. Товчоо нь бага хурлын шийдвэрийг биелүүлэх, амьдрал, ажлын туршлага судлах, биеийн тамир спортод залуусыг оролцуулах, анхан шатны үүрийн дарга нарын сонсголыг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн чиглүүлж, аппарат нь зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байв. Мөн заавар, чиглэл гарган зарим ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулдаг байжээ. Тухайлбал, хоёр жилийн дараа 1955 он гэхэд залуучуудын нэрэмжит уралдаан үндсэн хэлбэрээ олж, өндөр бүтээлийн 12 бригад байгуулан төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг болсон байна. 1960-аад онд “Залуучуудын бригадын хөдөлгөөн” нь уралдааны гол хэлбэр байв. Мал аж ахуйн, ХАА-н салбарт ажиллаж байсан залуучуудад төрөл бүрийн техникийн мэдлэг, мэргэжил олгох, амжилттай суралцсаныг нь төмөр замын үндсэн мэргэжилтэн болгоход туслан манлайлж ажилласан байдаг. Тухайн үед Нам, ҮЭ, Захиргаа, Залуучуудын хөдөлгөөн нэг зүгт чиглэж, нэг нь нөгөөгөө нөхөн хамтран ажиллаж байжээ. Залуусын байгууллагын ажилтнуудыг бодлогоор дэмжиж, орон тооны албан тушаалд томилон ажиллуулдаг байв. Төмөр замын залуучуудын байгууллага нь идэвх санаачилгатай, бусдыгаа манлайлагч залуусыг чадавхжуулаад зогсохгүй амьдралдаа өсөж дэвжих, өндөр түвшинд бэлтгэгдсэн төмөр замын боловсон хүчин болоход нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү түүхэн цаг үеийн амжилтыг бүтээж ирсэн УБТЗ-ын ХЗЭ-ийн үйл хэргийг өнөө цагийн залуус маань орчин цагийн шинэ арга барил, шинэ туршлагаар үргэлжлүүлж яваад ахмад ажилтны хувиар баяртай явдаг юм. Залуус маань үндсэн мэргэжлээрээ ажиллахын сацуу залуучуудын байгууллагаа ТББ-ын зохион байгуулалтаар амжилттай авч яваа билээ. Цаг үеийн хурдацтай хөгжил, өндөр ачааллын дунд сурсан эрдэм мэдлэгээ зөвхөн өөрийн төлөө бус салбарынхаа болон мэргэжил нэгт нөхдийнхөө хөгжил дэвшилд харамгүй зориулж яваа манлайлагч болон төмөр замчин залуустаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
УБТЗ-ын ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны тэргүүн Д.Бадарч