Нүүр Ахмад үе Г.Сарантуяа: Ахмадын өргөөндөө баяраа тэмдэглэх нь илүү сайхан
Ахмад үе

Г.Сарантуяа: Ахмадын өргөөндөө баяраа тэмдэглэх нь илүү сайхан

G.Press 13 цагийн өмнө 15 үзэлт 0 сэтгэгдэл

Олон улсын ахмадын өдрийг угтан УБТЗ-ын Ахмадын холбооны салбар хороо, зөвлөлүүд Ахмадын өргөөндөө баяраа тэмдэглэж байна. Тухайлбал, энэ сарын 26-нд Төв засварын үйлдвэрийн 80 орчим, 27-нд Зорчигчийн вагон депогийн 300 орчим ахмад цуглан залуу нас, байгууллага хамт олноо дурсан уулзлаа. Энэ үеэр Зорчигчийн вагон депогийн Ахмадын хорооны дарга Г.Сарантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай хороо нийт хэдэн ахмадтай вэ?

-Манайд 962 ахмад настан бүртгэлтэй байдаг. Гавьяаны амралтдаа гарсан ч хараахан бүртгүүлж амжаагүй арваад хүн бий. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сард даргаар сонгогдсоноор анхныхаа Ахмадын баярыг зохион байгуулж байна. Төмөр замынхаа Ахмадын өргөөнд 300 гаруй хүн цугларлаа. Сэтгэл маш өндөр байна. Анх намайг Зорчигчийн вагон депод ажилд ороход идэр залуухан угтаж авсан хүмүүс одоо сайхан буурлууд болсон, миний гар дээр ирж үйлчлэгч болсон хүмүүс бас ахмад болчихсон зэрэгцээд сууж буй нь гайхалтай сайхан байна.

-Аль болох олон хүн хамруулахыг хичээсэн байх. Бүх хүндээ мэдээлэл хүргэж амжив уу?

-Манайд зорилтот бүлгийн 45, 80 аас дээш насны мөн 45 хүн байдаг. Гадаад улсад олон ахмад бий. Харин эндээ, нутаг орондоо байгаа хүмүүсийн 60 шахам хувь нь хамрагдсан. Зорилтот бүлгийн болон 80-аас дээш насны ахмадууддаа тэргүүлэгчид маань хэсэг хэсгээрээ явж гарын бэлэг гардуулан, мэндчилгээ хүргэж, хүндэтгэл үзүүлсэн.

-Олон хүнтэй хороод өөр газрын том зааланд баяраа тэмдэглэдэг. Харин танайх Ахмадын өргөөндөө баярлаж байгаа нь сайхан санагдлаа.

-Бид төмөр замчин ахмадууд. Тиймээс Ахмадын өргөөндөө баяраа тэмдэглэх нь илүү сайхан. Тэгээд ч эдийн засаг хүнд байгаа энэ үед өөр том газрын үнэтэй хүлээн авалтыг бид дийлэхгүй шүү дээ. Энэ сайхан өргөө байхад түшиглээд хийх нь зүйтэй гэж үзсэн. Замын захиргаа ахмадуудаа маш сайн дэмжин ажилладаг. Ахмадын холбооны баярын хурал дээр Замын дарга үг хэлэн хүндэтгэл илэрхийлж, Замын захиргаа, Ахмадын холбоо, Геронтологийн төв гурвалсан гэрээ байгуулан ахмадуудынхаа эрүүл мэндэд анхаарч буйд бид баяртай байгаа. Биднийг эдийн засаг, сэтгэл санаа, уулзах байр орон гээд бүхий л талаас нь дэмжиж ажилладаг Замын удирдлагууд, Ахмадын холбооны дарга, тэргүүлэгчдэдээ баярлалаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Өнөөдөр бидний баяр маш сайхан болж байна. Ахмадын өргөөний цайны газрын хоол амттай, үйлчилгээ сайтайг манай ахмадууд андахгүй. Гал тогооныхондоо энэ ташрамд талархал илэрхийлье. Баярынхаа зөөгчөөр манай хорооны тэргүүлэгчид, залуу ахмадууд өөрсдөө ажиллаж, гал тогооныхондоо тусалж байна. Ялангуяа, манай вагоны үйлчлэгч нар залуугаасаа хүнд үйлчилж сурсан шуурхай хүмүүс байдаг. Тиймээс энэ хэд маань огт түүртэхгүй шүү. 

-Салбар нэгжүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх тухай Замын даргын тушаал гарсан. Тиймээс Зорчигчийн вагон депо энэ баярыг хамтран зохион байгуулав уу?

-Байгууллагын захиргаа ахмадуудаа хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ энэ үйл ажиллагаанд оролцоогүй хүмүүсийг оролцуулна гэсэн. Өдрөө товлоод бидэнд мэдэгдэх байх. Байгууллагын захиргаа, залуучууд биднийг үргэлж дэмжиж ажилладаг. -Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа, та бүхэн сайхан баярлаарай6

 

М.Наранболд 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.