Манай орны хувьд улирлын томуу ихэвчлэн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхэлж  хоёрдугаар  сар дуустал үргэлжилдэг. Одоогоор ханиад томууны ид идэвхжлийн үе үргэлжилж байна. Ханиад шуухинаагийн үед хоолой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, найтаах, ханиах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх ба булчин өвдөх, ядрах, сульдах, толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг томуу төст эмнэлзүйн шинж илэрдэг. Ийм зовуурьтай ч ажлаа хийсээр байгаа төмөр замчдадаа зориулж ажлын байрны эрүүл ахуйд ямар дэглэм баримтлах талаар Төв эмнэлгийн халдвар судлаач Г.Пүрэвдулам дараах зөвлөгөөг хүргэж байна.

 

-Томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар өвчилдөг вирусний халдварт өвчин. Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрмэгц өөрийгөө тусгаарлан, амны хаалт зүүх, гараа угаах, олон нийтийн газраар явахаас зайлсхийхэд л хумигдах ач холбогдолтой.

Иргэн та ажлын байрандаа ханиалгаж найтаах шинж тэмдэг илэрмэгц амны хаалтаа  тогтмол зүүж, хүн хооронд 1.5-2 метрийн зайг баримтлах хэрэгтэй.  Мөн хувцас солих өрөө, хоолны газартаа бөөгнөрөхгүй, ханиадтай хүн бусадтайгаа зай барьж, нэг дор хоолллохгүйг хичээх гэхчлэн хувь хүний ариун цэврийн дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй.

Гадуур явах, эмнэлэгт үзүүлэхдээ амны хаалтаа зүүж, хоёр цаг тутамд солихын хамт хэрэглэсэн амны хаалтаа тухай бүрд нь хогийн саванд хаяж хэвших нь зохимжтой.

Ажил дээрээ гараа тогтмол угааж, угаалтуурт шингэн саван байрлуулж, цэвэрхэн байх нь өвчлөлийг халдварлуулахгүй байх хүчин зүйл болдог.

Угаалтуур байхгүй бол өрөө болон ажлын байруудад спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор ханган  ажилчдаа хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй.

Хүн бүр өөрийн гэсэн аяга халбагатай байж, ундаа, ус зэрэг уух зүйлсийг ам дамжуулан хэрэглэхгүй, нэг удаагийн аяга хэрэглэж хэвших.

Хүний гар байнга хүрэлцдэг ширээ, хаалганы бариул, компьютерийн гар зэрэг гадаргууг хоёр цаг тутамд цэвэрлэж, халдваргүйжүүлээрэй.  Учир нь томуугийн вирус агуулсан шүлсний дусланцар 1.5 метр зайд тархаж хүний гар хүрэлцдэг гадаргууд буусны дараа тодорхой хугацаанд халдварлуулах чадвараа алдалгүй бидний эргэн тойронд оршиж байдаг.

Аж ахуй нэгж байгууллагууд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтэд шаардлагатай бодис, гар шүршигч зэргийн ажиллагааг шалгаж, эвдрэл гэмтэлтэй эсэхэд хяналт хийж, бүрэн бүтэн байдлыг хангах нь зүйтэй.

Өрөөнийхөө цонх салхивчийг хоёр цаг тутамд, гурван минутын турш нээж, агаар сэлгэлт хийж хэвшээрэй.

Ханиалгаж найтаах үедээ амны алчуур, цаасан салфетикаар ам хамраа дарж, хэрэв амны алчуур, цаасан салфетик байхгүй тохиолдолд гарын шуу хэсэг рүү ханиах нь зөв юм. Ханиалгаж найтаасан хүнтэй харьцахдаа хүн хоорондын зайгаа барьж, гар барин мэндчилэхгүй байх зэрэгт анхаарах. Гар барин мэндчилсэн тохиолдолд гараа халдваргүйжүүлж хэвшээрэй.

Албан байгууллагууд ажлын байрандаа, ажилчдаа ус, цай зэрэг халуун бүлээн зүйлс уух нөхцөлөөр хангах хэрэгтэй. Халуун бүлээн шингэн тогтмол ууж хэвшсэнээр ханиад томуунаас урьдчилан сэргийлэхээс гадна, хурдан илааршихад дөхөмтэй.

Нэгэнт ханиад хүрсэн бол гэртээ ч, ажил дээрээ ч эрүүл ахуйн дэглэм баримтлан, дур мэдэн эм тариа хэрэглэхгүй эмчид үзүүлэн зөвлөгөө авч, хоол нойроо зохицуулан бусдад халдвар тараахаас сэргийлэх нь иргэн таны ариун үүрэг юм шүү гэдгийг сануулъя.