Замын дарга Х.Хэрлэнгийн санаачилгаар БНСУ-ын “Нээлттэй эмч нарын нийгэмлэг”, УБТЗ-ын Төв эмнэлэг хамтран 2энэ сарын 03-07-ны өдрүүдэд Замын-Үүд, Сайншанд зангилааны төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ахмадуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээг зохион байгуулж байна.
Уг ажил нь “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд болон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
БНСУ-ын дотор, үе мөч, яаралтай тусламж, чих хамар хоолой, шүд, амны хөндийн эрүүл ахуй, эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эм зүйч нарын 26 хүний бүрэлдэхүүнтэй, дэлхийд үнэлэгдсэн чадварлаг эмч нарын баг болон УБТЗ-ын Төв эмнэлгийн сэтгэл зүйч, эмнэлзүйн лаборатори, ариутгал, зүрхний цахилгаан бичлэг болон бусад нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн энэ үеэр Замын даргын 2019 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг сурталчлан таниулах, “Эрүүл амьдралын хэвшил”, “Амны хөндийн эрүүл ахуй”, “Ажлын байранд үзүүлэх яаралтай тусламж”, “Гэр бүл төлөвлөлт” зэрэг сэдвүүдээр төмөр замчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг БНСУ-ын эмч нартай хамтран зохион байгуулах юм.
