Нүүр Цаг үе Гологдлын тоог бууруулж ажиллах үүрэг өгөв
Цаг үе

Гологдлын тоог бууруулж ажиллах үүрэг өгөв

G.Press 20 цагийн өмнө 30 үзэлт 0 сэтгэгдэл

Замын Х.Хэрлэн 38 дугаар долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарчээ. Тодруулбал, 16-ны 11.38 цагт 39 дүгээр зөрлөгийн нэгдүгээр сумын жааз төмөр хугарсан байна.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн алба, Замын аж ахуйн алба тус бүр гурав, Тээвэр зохион байгуулалтын алба, СИРДП-Е тус бүр нэг, бусдаар зургаа, нийт 14 бүртгэгдсэн байна.

Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 нэгжээр буурсан бол дутагдлын тоо таван нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Албаар нь авч үзвэл Зүтгүүрийн аж ахуйн алба өмнөх оны мөн үеэс дутагдлын тоогоо 32 нэгжээр нэмэгдүүлжээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногт энэ талаар хурал хийж, цаашид дутагдлын тоог бууруулж ажиллах хугацаатай үүрэг өгсөн талаар Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэв.

Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 17-ныг дуустал 24466.9 мянган тонн ачаа тээвэрлэж, 105.3 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулбал 1245.9 мянга, өмнөх оны мөн үеэс 1418.1 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм.

Мөн хугацаанд 17331.7 мянган тонн ачаа ачиж, 104.9 хувиар биелүүлсэн байна. Энэ нь төлөвлөгөөг 817.8 мянга, өмнөх оны мөн үеэс 1092.4 мянган тонноор тус тус давуулсан амжилт аж.

Харин тайлант долоо хоногт 6027 вагон буулгаж, хоногт дунджаар 51 вагон илүү буулгажээ.

Орон нутгийн 254900, транзит 95600, экспорт 265200, импорт 91800 тонн буюу нийт 707500 тонн ачаа тээвэрлэжээ.

 “Эрдэнэт” үйлдвэр 30 вагон илүү буюу 475 вагон ачсан бол “Багануур” ХК төлөвлөгөөнөөс найман вагон дутуу буюу 3273, “Шивээ-Овоо” ХК 111 вагон дутуу буюу 1623, “Шарын гол” ХК 45 вагон дутуу буюу 1248 вагон ачсан байна. Төлөвлөгөөндөө хүрч ачаагүй компаниуд техник үйлчилгээний засвар хийсэн, уурхайн цахилгааны гэмтэл гарсан, жижиг хэрэглэгчийн нүүрс ачсан зэрэг шалтгаантай байна.

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөг 39.43 км/цагаар биелүүлжээ. төлөвлөгөөтэй харьцуулахад 0.03 км/цагаар хурдсаж, 100.08 хувиар биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 24 галт тэрэг 1986 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин 3389.76 тонн болж, төлөвлөгөөнөөс 117.96 тонноор өсөж, 103.64 хувиар, зүтгүүрийн бүтээмж 1552.46 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 92.46 хувиар тус тус нэмэгдэж, вагон эргэлт 3.7 хоног болж төлөвлөгөөнөөс 0.8 хоногоор хурдасжээ.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 114 галт тэрэг /733.1 вагон/ хүлээн авч, 111 галт тэрэг /732.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 15.8-16.2 галт тэрэг болов.

Нарийн царигаар өмнөх долоо хоногоос буурч 50 галт тэрэг /383.7 вагон/ хүлээн авч, 49 галт тэрэг /391.2 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7-7.1 галт тэрэг боллоо.

Сүхбаатар-Наушкиар ч мөн буурч 52 галт тэрэг /325.2 вагон/ хүлээн авч, 48 галт тэрэг /302.5 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 6.8-7.4 галт тэрэг солилцсон байна.

Тайлант долоо хоногт чингэлгийн 59 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар дутуу, оны эхнээс нийт 2797 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 100 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2139, импортын 378 чингэлэг шилжүүлэн ачсан нь транзит өмнөх долоо хоногоос 16-аар нэмэгдэж, импорт 106 чингэлгээр буурсан байна.

Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 235 чингэлэг, 2083 вагон ачаа байна.

Энэ онд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эдрэнэс Тавантолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрээс 180 мянган тонн мидлинг тээвэрлэн Баян өртөөнд буулгахаар гэрээ байгуулсан бол өнгөрсөн долдугаар сарын 12-ноос эхлэн өчигдрийн байдлаар 38 галт тэрэг буюу 1215 вагон 81322.31 тонныг тээвэрлээд байгаа аж. Энэ нь нийт тээвэрлэх мидлингийн 40 орчим хувь гэдгийг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга танилцууллаа.

Түүнчлэн, Вагоны болон Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцуулав. Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга А.В.Мальцевын танилцуулснаар тус алба тайлант долоо хоногт техникийн хурдыг 98.9, зүтгүүрийн хоногийн дундаж бүтээмжийг 97, дундаж гүйлтийг 101.3, галт тэрэгний дундаж жинг 98.3 хувиар тус тус биелүүлжээ.

Харин Вагоны аж ахуйн алба оны энэ онд 1998 вагонд дунд засвар хийхээс одоогийн байдлаар 1452 вагонд хийж 73 хувийн биелэлттэй яваа аж. Тайлант долоо хоногт 271 хос дугуй засварласан байна.

Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн дараах мэдээллийг хийж, үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өглөө. Өнгөрсөн долоо хоногт болсон гурван улсын хилийн зөвлөгөөнд манай талаас тавьсан асуудлууд бараг 100 хувь дэмжигдсэн байна. Тухайлбал, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар хоногт 16 ба түүнээс дээш галт тэрэг солилцохоор тохиролцжээ. Мөн хамтын эзэмшлийн вагонуудын асуудлаар ч хэлэлцэж тодорхой хэмжээний шийдэлд хүрсэн байна.

Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын 2030 хүртэл хөгжлийн хөтөлбөрт тодотгол хийх асуудлыг УБТЗ өөрөө хариуцан гүйцэтгэх чиглэл өгсний дагуу Замын I орлогч дарга ахлан ажлын хэсэг байгуулан хэлэлцээд танилцуулахыг үүрэг болголоо. Мөн гол замын таван зүтгүүр худалдан авах шийдвэр гарсантай холбогдуулан хаанаас, ямар зүтгүүр, хэрхэн авах талаар судлан танилцуулахыг холбогдох удирдлагуудад даалгалаа.

 

М.Наранболд

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.