Замын-Үүдийн төмөр замын ахмадын холбооны дарга И.Баттогоогийн удирдсан, Явган аялагчдын “Сэтгэлийн говь” клубын гишүүн Д.Дамдин ахлагчтай баг тамирчид УБТЗ-ын гол зам дагуу 1115 км алхсан аялалаа амжилттай туулж өнгөрсөн Мягмар гаригт Улаанбаатар хотод ирлээ. Тэднийг угтан авах ёслол УБТЗ-ын Ахмадын холбоонд боллоо.
Замын-Үүдийн төмөр замчин ахмадуудын санаачилгаар 2008 онд байгуулагдсан Явган аялагчдын “Сэтгэлийн говь” клуб нь 2023 онд Монголын Явган аялагчдын холбоонд гишүүн болсон байна. Тус клубийн гишүүд 2023 онд улсын хил дагуу 50 км, өнгөрсөн онд Данзанравжаа хутагтынхаа нутгийг тойрч 100 км алхсан ажээ.
Замын-Үүдийн ахмад төмөр замчин тамирчид залуучууддаа эрүүл, зөв амьдралын дадал хэвшил, спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлан танилцуулах, аливаа хүнд тэсвэр тэвчээр, хичээнгүй зүтгэл байвал ямар ч амжилтанд хүрч болдогийг үлгэрлэн харуулахын тулд 2022 онд Замын-Үүдээс Сайншанд хүртэл 234 км, 2024 онд Сайншандаас Улаанбаатар хүртэл 474 км алхсан бол энэ жил Улаанбаатараас Сүхбаатар хот, хойд хил хүртэл 408 км алхаж, нийтдээ 1115 км замыг амжилттай туулж иржээ.
Ингэж эх орныхоо өмнөд хилээс умард хил хүртэл ахмадууд маань төмөр зам дагуу 1115 км алхахдаа аагим халуун, хүйтэн сэрүүнийг ажралгүй, өргөн говь, хээр талыг туулж, өндөр уул, өргөн голыг гаталж, өртөө зөрлөгүүдийн замчиддаа хуучин дурсамж, шинэ сургаалиа айлдаж, сэтгэлээ уудалж, мөрөө гаргаж, нэрээ үлдээж явсан тухайгаа УБТЗ-ын Ахмадын холбоо, Монголын Явган аялагчдын холбоонд илтгэв.
Аялагчдыг угтан авах ёслолд УБТЗ-ын Ахмадын холбооны дарга Ч.Цогтбаяр, Монголын Явган аялагчдын холбооны тэргүүн Болор-Эрдэнэ нар оролцож хэлсэн үгэндээ, тамирчин хүний өөрийгөө ялан дийлэх эр зориг, тэсвэр тэвчээрийг үзүүлж, төмөр замчдынхаа амжилт бүтээл, алдар гавьяаг мөнхжүүлэхийн тулд яруу алдарын замаар алхсан ахмадууддаа баяр хүргээд, цог золбоотой, эрч хүчтэй, зохион байгуулалттай байсанд талархаж байгаагаа илэрхийлж, нийт аялагчдад батламж, мөнгөн шагнал гардуулав.
Г.Энхбаатар
