Герман даяар тээврийн салбарын ажилчид томоохон ажил хаялт зарласан байна. “Verdi”, “EVG” үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулж буй ажил хаялтад нисэх буудал, боомт, төмөр зам, автобус, метроны ажилчид нэгдсэнээс болж Германы олон хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөн зогсжээ. Түүнчлэн Гамбург, Ганновер, Дортмунд, Мюнхен, Нюрнберг, Штутгарт, Лейпциг зэрэг олон хотын нисэх буудлуудын бараг бүх нислэг цуцлагджээ. Берлины нисэх буудал хэвийн ажиллаж байгаа ч ажил хаялтад нэгдсэн хотууд руу нислэг үйлдэхгүй байгаа аж. Үйлдвэрчний эвлэл ажилчдын цалинг сард доод тал нь 500 еврогоор, төмөр замын ажилчдын цалинг доод тал нь 12 хувиар нэмэхийг шаардаж байгаа юм. Ажил хаялтад тээврийн салбарын 350 мянга гаруй ажилчин нэгдэхээ илэрхийлжээ. Энэ удаагийн ажил хаялт нь 1992 оноос хойших хамгийн том ажил хаялтад тооцогдож байгаа аж.