“Хамас” зэвсэгт бүлэглэл Израилд гэнэт халдан довтолж, Ойрх Дорнодод дахин тогтворгүй байдал бий болоод байна. Үүний дараа газрын тосны үнэ сүүлийн зургаан сарын хамгийн өндөр дүнгээр өслөө.
Ойрх Дорнодын орнууд дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн гуравны нэгийг дангаар хангадаг гэдэг утгаараа газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж байна.
АНУ-д түүхий газрын тосны фьючерс 5.4 хүртэлх хувиар өсөж, баррель нь 86 ам.доллар даваад байна. Хэдийгээр дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд Израилын гүйцэтгэх үүрэг бага ч зөрчил хурцадсанаар АНУ, Ираныг татан оролцуулах эрсдэлтэй. Зах зээл дэх нийлүүлэлтийн дутагдлыг Иран энэ онд нэмэлт экспортоороо нөхөж байсан тул хэрэв АНУ-аас Техранд тавьсан хориг өргөжвөл нийлүүлэлтэд саад учрахаар байгаа юм.
Үүнээс гадна Израилын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс “Chevron” компанид Тамар дахь байгалийн хийн томоохон талбайн үйл ажиллагаагаа түр зогсоохыг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар байгалийн хийн жишиг үнэ 15 хувиар буюу наймдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өсөөд байна.
Израил улсын байгалийн хийн олборлолтын өөр нэг томоохон талбай болох Левиафийн нийлүүлэлт хэвийн үргэлжлэхээр байгаа аж. Сүүлийн 20 жилийн хугацаанд Газар дундын тэнгисээс байгалийн хийн орд илрүүлснээр Израил улс хөрш зэргэлдээ улсууд руу байгалийн хий экспортолж байгаа юм.