Ирэх тавдугаар сараас эхлэн 2023 оны сүүлч хүртэл түүхий газрын тосны олборлолтоо бууруулна гэж газрын тос үйлдвэрлэгч олон орон өчигдөр /4-р сарын 2/ мэдэгджээ. Саудын Араб ирэх сараас 2023 оны сүүлч хүртэл өдөрт олборлох газрын тосыг 500 мянган баррель, АНЭУ 144 мянган баррель, Кувейт 128 мянган баррель, Ирак 211 мянган баррель, Алжир 48 мянган баррель, Казакстан 78 мянган баррель, Оман 40 мянган баррелиар бууруулахаа зарлалаа. Үүний зэрэгцээ ОХУ-ын шадар сайд Александр Новак өчигдөр ОХУ хоёрдугаар сард олборлож байсан дундаж хэмжээнээс өдөрт 500 мянган баррелиар бууруулж, үүнийгээ 2023 оны сүүлч хүртэл мөрдөнө гэжээ. Өмнө нь Александр Новак, ОХУ гурваас зургаадугаар саруудад газрын тосны үйлдвэрлэлээ бууруулна гэж мэдэгдэж байсан юм.