БНХАУ энэ онд ОХУ-аас 22 тэрбум куб метр байгалийн хий авах зорилт тавиад байна
“Gazprom” компани энэ онд БНХАУ болон Унгар улсад байгалийн хий нэмж нийлүүлэхээр болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер ням гарагт ОХУ-ын Төрийн өмчит телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна.
Ингэснээр “Сибирийн хүч” хийн хоолойн урсгалыг нэмэгдүүлж, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хий энэ оны эцэс гэхэд 600 сая куб метр хүрч магадгүй байгаа юм. “Gazprom” компанийн төлөвлөж буйгаар 2025 онд БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийн жилийн хэмжээг 38 тэрбум шоо метр хүргэх юм байна.
Өмнө нь “Gazprom” компани “China National Petroleum Company”-тай байгуулсан 2014 оны гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, энэ он дуустал “Сибирийн хүч” хийн хоолойн урсцаа нэмэгдүүлэх шийдвэрт гарын үсэг зурснаа “Telegram”-д мэдээлж байсан юм.
БНХАУ-ын хувьд энэ онд ОХУ-аас 22 тэрбум куб метр байгалийн хий авах зорилт тавиад байгаатай харьцуулбал энэ нь тун бага дүн болж байгаа аж.
Хэдийгээр ОХУ болон БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаар дамжуулан жил бүр 50 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлэх санааг дэмжиж буй талаар хэлэлцсэн ч томоохон ахиц гаргаагүй байна.
Үүнээс гадна “Gazprom” Унгар улсад энэ намар болон ирэх өвөл хэр их хэмжээний байгалийн хий нийлүүлэх талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер тодорхой хэлээгүй байна. Харин тус улсад нэмэлтээр нийлүүлсэн байгалийн хий хэмжээ хэдийн 1.3 тэрбум куб метр хүрснийг тэрбээр онцолжээ.
