Нүүр Засгийн газар Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт...
Засгийн газар

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

G.Press 1 жилийн өмнө 176 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо.  Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.  Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны тавдугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэллээ.

Тэрбээр "Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан.  Энэ дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Та бид хамтдаа хөдөлгөж, бодитоор эхлүүлж чадлаа.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. 

Уг шийдвэрийн дагуу Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ шалгарч, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. 

Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж буй Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь I зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм стандарт царигийн хос замтай, гол замын урт 19.5 км, 8-28 метр өндөр гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг өнөөдрөөс эхлэн 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, 2014 оны Монгол, Хятадын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч, Монгол, Хятадын 2 дахь төмөр зам байгуулагдаж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр зам байгуулагдах нөхцөл бүрдэж, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм" гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.