Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийн хурал зохион байгуулж, Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр ирэх оны төсвийн тухайд "2024 оны улсын төсвийг төслийг аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих үүрэгтэй. Энэ хугацаанд өргөн барихаар төсвийн ерөнхийлөн захирагч нар, яамдтай хамтран ажиллаж байна.

Есдүгээр сарын 15-н гэхэд Засгийн газраар хэлэлцүүлэхээр хүргэдэг. Ороон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэдний санал бодлыг төсөвт тусгана. Одоогоор зургаан аймгийн иргэдтэй уулзчихвал аймгуудаар тойроод дуусна. Үүний дараа ирэх оны төсөв эцсийн байдлаар төлөвлөгдөнө" гэсэн юм.

Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох ажлын тухайд "Хоёр улсын боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ. Хятадын талаас 10-аад жил хүлээсэн ажил.  Ерөнхий сайдын айлчлалын үеэр шийдэгдсэн.

Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад барилгын ажлууд Хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийгдэж байна.

АХБ-ны төслийн хүрээнд Бичигт боомтод өргөтгөл хийгдэж байна.

Мөн Алтанбулаг боомтыг өргөтгөж байгаа"-г мэдээллээ.