Энэ сарын 9-ний өдөр буюу өнгөрсөн Мягмар гарагт “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг УБТЗ ХНН уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүллээ. УБТЗ ХНН 2013 оноос хойш “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр-“ийг тэмдэглэж эхэлсэн. Ийнхүү энэ жил 14 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь энэ юм.
Төмөр замчид "ГМДОУ-ын өдөр"-ийг угтан гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх олон ажлыг хийсээр ирсэн. Зөвхөн энэ жил л гэхэд Зүүнхараагийн 233 дугаар км, Айраг-Бор-Өндөр чиглэлийн дөрөвдүгээр км, Сайншандын 875 дугаар км дэх гармуудыг хориглолын байгууламжаар тоноглон жижүүрийн зохицуулалттай болгох их барилгын ажил гүйцэтгэжээ. Мөн Энхтал зөрлөгийн 97 дугаар км, Амгалан өртөөний 413 дугаар км, Шивээговь зөрлөгийн 683 дугаар км, Замын-Үүдийн 1109 км, Эрдэнэтийн 165 дугаар км дэх гармын техникийн нөхцөлийг сайжруулах ажлыг гүйцэтгэж, “Жишиг гарам” болгон тохижуулж, нийт хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Энэ өдөр 413 дугаар км дэх гарам дээр зохион байгуулсан “Гармын мэдлэг дээшлүүлэх өдөрлөг”-т УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Замын аж ахуйн албаны дарга, МУГТ З.Отгонтөр, Тээврийн хяналтын албаны байцаагч Д.Баттулга болон Замын II ангийн дарга Д.Алтангэрэл, Дохиолол холбооны II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал, Улаанбаатар өртөөний дарга Б.Удамбуян, ЭХУХ-ийн I ангийн орлогч дарга Д.Алтанзагас нар болон инженер техникийн ажилтнууд, төмөр замчид оролцлоо.
Өдөрлөгийг Ш.Нямсүрэн дарга нээж хэлсэн үгэндээ “Энэ цаг мөчид УБТЗ ХНН-ээс дөрвөн цэгт Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг нээж байгаа. Гармын аюулгүй байдлыг жилийн 365 хоногт 24 цагаар тасралтгүй ханган ажилладаг төмөр замчдадаа Замын захиргааны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. УБТЗ-ын хэмжээнд энэ онд гурван гармыг жижүүрийн зохицуулалттай болгож, дөрвөн гармыг жишиг болгон тохижуулж байна. Нийтдээ хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, их барилга, их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ бол гарам дээр үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, жолооч, иргэдийн амь нас, аюулгүй байдал болоод галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нэн чухал ажил гэдгийг цохон тэмдэглэмээр байна. 2013 оноос хойш өнөөг хүртэл УБТЗ ХНН нийслэлийн захиргаатай хамтран нийтдээ найман хонгилон гарцыг ашиглалтад оруулсан байна. Эдгээр хонгилон гарцыг ашиглалтад оруулснаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд том ахиц гарсан. 2026 онд бид 402 дугаар км, 391 дүгээр км дэх хонгилон гарцыг нийслэлтэй хамтран хийнэ. Мөн ирэх жилээс 407 дугаар км дээр хонгилон гарц, гүүрэн байгууламжийг барих ажлууд эхэлнэ гэдгийг дуулгахад таатай байна” хэмээн ярилаа.
Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Ш.Нямсүрэн дарга 413 дугаар км-т үүрэг гүйцэтгэдэг гармын жижүүрүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг нь сонссон юм. Уг гарам төвөөс алслагдсан, гармын жижүүр ажлын байрнаасаа алхам ч холдох боломжгүй байдгийг нь харгалзан үзэж, ажлын байранд нь жижиг оврын хөргөгч, богино долгионы зуух зэргийг авч өгөхөөр шийдвэрлэлээ.
Өдөрлөгийн үеэр Тээврийн хяналтын албаны байцаагч Д.Баттулгаас 413 дугаар км-ийн гармын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-413 дугаар гарам хэр ачаалалтай гарам бэ?
-Уг гармаар хоногт дунджаар 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 55 галт тэрэг өнгөрдөг. Бид хавар, намрын паспортын үзлэгээр тооллого хийж, гармын ачааллыг тодорхойлдог. Гармын эрсдэлийг тогтоохын тулд ингэж тооллого хийдэг юм. Энэ гармын нэг онцлог гэвэл хоногт нэвтэрч байгаа 45 мянган тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь нь том оврын тээврийн хэрэгсэл байдаг. Том оврын тээврийн хэрэгсэл нь өөрөө эрсдэл шүү дээ. Дээр нь хүнд даацын ачаатай автомашины замд үзүүлэх нөлөөлөл их. Өөрөөр хэлбэл, гармын техникийн байдлыг муутгах гол шалтгаан болж байна. Тиймээс энэ жил гармын шалавч, төмөр замын суурь бүтцийг иж бүрнээр нь шинэчилсэн.
Мөн энэ гарам дээр явган зорчигчдод зориулсан хаалтыг шинээр хийлээ. Гармаар явган зорчигч олноор зорчдог болсон. Урин дулааны улиралд унадаг болон цахилгаан дугуй, мопед, мотоцикль скүүтэртэй зорчигчдын тоо эрс өсдөг. Тэд чихэвч зүүж, дуулга өмссөн, орчны чимээг сонсохгүй явах нь элбэг. Ийм нөхцөлд гармаар нэвтрэхдээ галт тэрэг орж ирж байгааг мэдэлгүй эрсдэлд өртөх, галт тэрэг яаралтай тоормос хийлгэх, зам тээврийн осолд өртөх магадлал өндөр юм. Тиймээс энэ гарам дээр явган зорчигчийн хаалтыг нэмэлтээр тоноглож өгсөн.
-Гарам дээр техникийн шинэчлэлээс илүү иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх нөлөөллийн ажлууд илүү үр дүнтэй гэж үздэг, тийм үү?
-Үнэхээр тийм. Гармын аюулгүй байдал бол зөвхөн төмөр зам, төмөр замчдаас л шалтгаалдаг асуудал биш шүү дээ. Нийт иргэд, жолооч нарын үүрэг, хариуцлага, ухамсартай шууд холбоотой. Тэгэхээр бид техникийн байдлыг сайжруулахаас илүүтэй УБТЗ-аас дэвшүүлж байгаа “Түр зогс! Бүү яар!” нөлөөллийн аяныг хоёр дахь жилдээ явуулж байна. Энэ хүрээнд иргэд, жолооч нарын Төмөр замын гарам нэвтрэх журам, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах нь чухал нөлөөтэй.
Энэ ажлыг тодорхой хэдэн ажилтан хариуцаж хийх биш төмөр замчин бүр нэгдээсэй гэж уриалж байна. Төмөр замчин бүр өөрийн гэр бүл, үр хүүхэд хамаатан садан, найз нөхөд танилууддаа гармаар аюулгүй зорчих талаар хэлж ойлгуулах, захиж сурталчилснаараа гармын аюулгүй байдлыг хангахад хамгийн том алхам болно юм гэж харж байгаа юм. Ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь олон улсад ч хамгийн үр дүнтэй шалгарсан аргад тооцогддог. 2013 онд УБТЗ ХНН UIC буюу Олон улсын Төмөр замуудын холбоонд гишүүнээр элссэн цагаасаа гармын техникийн байдлыг сайжруулах, хориглолын байгууламжаар тоноглох, мөн гармын жижүүрүүдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байгаа. Үүний хамгийн гол ажил нь нөлөөллийн аян юм.
Ер нь, иргэд, жолооч нарын ухамсарыг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалах ажлыг зайлшгүй бөгөөд тасралтгүй давтамжтай хийх нь хамгийн зөв шийдэл.
-Энэ чиглэлд төмөр замчидтай хамтарч ажилладаг байгууллага бий юу?
-Бид Тээврийн цагдаагийн албатай маш сайн хамтран ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сард Төмөр замын цагдаагийн газартай хамтраад “Гармын аюулгүй байдал-2026” сарын аян зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд УБТЗ-ын хэмжээнд бүх гармуудад цагдаагийн байгууллагын албан хаагч нартай, ялангуяа Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтраад маш том аяныг зохион байгуулсан. Энэ ажил жолооч, иргэдэд үүрэг хариуцлагыг нь ойлгуулж, төмөр замын гармаар аюулгүй байдлаа хангаж зорчиж хэвших дадлыг суулгаж өгч байгаа юм. Энэ аяны үеэр бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байгаа, жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг олон зөрчлийг илрүүлж, таслан зогсоож байгаа. Энэ бол нөлөөллийн ажлын маань нэг хэсэг болж байна.
-Гармын шалавчийг резинэн болгох тухай ярьж байсан. Үүний ач холбогдол нь юу вэ?
-Бид төмөр бетон шалавчаар гармын зорчих хэсгийг тоноглосноор хөдөлгөөний эрчим нэмэгдсэн өнөө үед шаардлага бүрэн хангахгүй байна. Том оврын тээврийн хэрэгсэл олноор явдаг гармуудад бетонон шалавч ачааллаа даахгүй байна. Үйрэх эмтрэх, булан хамгаалалтын төмрүүд нь хөдөлгөөнд орох зэргээр гэмтэж байна. Бетонон шалавчны дор модон дэр тавьдаг технологитой. Модон дэр нь тухайн замын техникийн байдалд бас нөлөөлөл үзүүлж байгаа. Гармын зорчигч хэсэгт резинэн шалавч тавих гээд байгаа гол зорилго нь гармын дор төмөр бетонон дэр тавьж суурь бүтцээ хүчжүүлэх юм. Суурь бүтцээ ингэж хүчжүүлбэл тухайн гармын ойртох хэсэг буюу гармын орчимд замын эвдрэл гэмтэл гарах нь буурч, ялангуяа царигийн тэлэлт гарах эрсдэл багасна. Хоёрдугаарт гармын шалавчны насжилт, ашиглалтын хугацаа нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө.
-Гармын жижүүрүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд нь хүндрэлтэй зүйл тохиолддог уу?
413 дугаар км дэх гармын жижүүр Лхагвасүрэн: Би энэ гармын жижүүрээр тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ гарам маш ачаалалтай нэгдүгээр зэрэглэлийн гарам. Хоёр урсгалтай замтай, том оврын автомашин шөнийн цагаар маш их явдаг. 407 дугаар км-ийн гармаас нэг ялгаатай нь байнга галт тэрэг зөрдөг онцлогтой. Тийм үед түгжрэл их үүсдэг. Амгалан өртөөтэй ойрхон учраас сэлгээний ажил хийгддэг. Замын цагдаа уулзвар дээрээ зохицуулалт хийдэг, гарам дээр зохицуулалт хийдэггүй. Гармын жижүүр ганцаараа л аюулгүй байдлыг хангаж ажилладаг.
-Жолооч нар гармын жижүүрийн шаардлагыг хэр хүлээж авч байна вэ?
-Сүүлийн үед гайгүй болсон. Ерөнхийдөө, шөнө том оврын автомашинууд маш хурдтай явдаг. Бидний зогсож байгааг ч анзаардаггүй. Дохио тэмдэг ч анзаардаггүй. Том машинууд цуваа болж явах нь элбэг. Шөнө жолооч нар машиндаа хөгжмөө чанга тавьчихсан хурдтай явдаг. Гэтэл эрсдэлтэй байдал үүслээ гэхэд том оврын ачаатай автомашинуудын тормосын зай урт учир эрсдэл их байдаг.
-Гарам дээр түгжрэл хэр үүсдэг вэ?
-Автозамын уулзвар ойрхон учраас Улиастай руу өгсөх талдаа маш хурдан түгжирдэг. Том оврын хоёр машин ороод л түгжирчихдэг. Харин Дүнжингарав руу уруудах талдаа түгжрэл гардаггүй.
-Гармын хаалт, хамгаалалт дайрах тохиолдол бий юу?
-Тийм тохиолдол гардаг. Гармын хаалт бууж байхад харахгүй шууд яваад орчихдог тохиолдол мэр сэр бий. Мөн энэ зам дээр шөнийн цагаар залуучууд дрифт хийж маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэдэг. Замын цагдаагаас энэ зам дээр хурд сааруулагч хийж өгөөч гэдэг хүсэлт тавьсан ч “Боломжгүй” гэдэг хариуг өгсөн юм билээ.
-Гэрэлтүүлэг хэр вэ?
-Гармын орчимд гэрэлтүүлэг сайтай. Харин гүүрний орчимд гэрэлтүүлэг муу. Гүүрний далангаар адуу мал орж ирдэг. Согтуу хүмүүс их явдаг. Зун энд хонож өнждөг хүмүүс олширдог. Тэд зам дагаад гарам руу гараад ирдэг. Гармаар явган болон унадаг дугуйтай иргэд зорчих нь жилээс жилд нэмэгдэж байна. Дугуйн зам тавигдаж, энүүхэн урд үдэлдэг газартай болсноос хойш явган болон дугуйтай хүмүүсийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Мөн баяр ёслолын үеэр хотоос гарах чиглэлд өдөржин, шөнөжин түгжрэлтэй байдаг онцлогтой. Ард иргэд, жолооч нартаа гармаар гарахдаа аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
-Холбоочид Гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг угтаад энэ гарам дээр ямар ажлууд хийв?
Дохиолол холбооны II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал: Энэ гарам дээр манайх автомашины дугаар хардаг камерыг шинэчилсэн. Галт тэрэг аль талаас орж ирж байгааг заах чиглэл заагчийг шинээр угсарч тавилаа. Гармын хөндлөвч хаалтуудыг шинээр сольсон. Гармын бүх байгууламжуудын шкафийн өнгө үзэмжийг сэргээж будлаа. Мөн холбооны байгууламжийн чиглэлээр нэлээд ажил хийсэн. Чанга яригчийн ажиллагаа эрс сайжирсан.
-Танай анги хэдэн гармын тоноглолыг арчилдаг вэ?
-Ангийн хэмжээнд дохиоллын байгууламжаар тоноглогдсон 21 гарам бий. Үүн дотроо УЗП буюу сөхөгддөг хаалттай зургаан гарам бий. ПАШ хаалттай долоон гарам, дохиололтой, жижүүрийн зохицуулалттай нийт 13 гарам байна. Дээр нь дохиоллын байгууламжаар тоноглогдсон найман гарам бий. Эдгээр гармын үйлчилгээг хийдэг. Нийт 21 гармын 11 нь камераар тоноглогдсон. Салбар замд байгаа гурван гарам камергүй байна. Гармын камеруудыг анги болоод, Төмөр замын цагдаа, Хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв дээр давхар хянадаг. Гармын техникийн байдал, найдвартай ажиллагаа, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг тасралтгүй хийгээд явж байгаа. Энэ жил л гэхэд бид гурван гарам дээр реле шкафыг шинэчлэн сольж, найдвартай ажиллагааг нь дээшлүүлэх үйлчилгээ засварыг хийсэн.
-Та бүхний арчилдаг гармуудад тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэл гэмтэл хэр их гардаг вэ?
-Том оврын хүнд даацын автомашин олноор нэвтэрдэг гарам дээр УЗП хаалтын арааны элэгдэл, гэмтэл нь нэлээд гардаг. Гармын автомат ажиллагаатай хаалт бүрэн бууж дуусаагүй байхад зарим жолооч гарам руу орж ирж, эвдлэх, мөргөх тохиолдол сард 3-4 удаа гардаг. Жолооч нарын буруутай үйл ажиллагаанаас гармын тоноглол эвдэрсэн тохиолдлууд бий.
-Тийм тохиолдлуудад буруутай жолооч нараар хохирлыг төлүүлж чаддаг уу?
-Ямар нэгэн зөрчил гарвал жижүүрийн зохицуулалттай, хяналтын камертай гармууд дээр буруутай этгээдийг тэр дор нь барьж аваад хохирлыг төлүүлдэг. Үүн дээр Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтраад ажилладаг.
Түүнчлэн гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтаж Замын II анги болон ЭХУХ-ийн нэгдүгээр ангийн удирдлагууд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хүргэлээ. Тухайлбал, Д.Алтангэрэл даргатай Замын II ангийн хамт олон 413 дугаар км-ийн гармыг зургадугаар сарын 3, 5-ны шөнө задалж, 46 дэр модыг сольж, 12 шоо метр чигжээсийг сольж өргөж чигжих засварыг хийжээ. Мөн гармын голын зургаан төмөр бетон шалавч, захиын 10 хавтанг шинээр сольжээ. Гармын ойртох хэсэгт 129 ам метр талбайг асфальталж, хэвтээ тэмдэглэгээг сэргээж, авто замын эгнээ хоорондын урсгал тусгаарлагчийг бетонон хавтангаар бүрж, гармын дөрвөн шанаанд төмөр сараалжин хашаа барьж, явган хүний зорчих хэсэгт автомат хаалт хоёр ширхэгийг байрлуулсан зэрэг олон ажлыг хийжээ. Ташрамд дурдахад тус анги нь жижүүрийн зохицуулалттай, дохиололтой 13, жижүүргүй дохиололтой долоо, жижүүргүй дохиололгүй 18 нийт 38 гармыг хариуцан ажиллаж байна.
Мөн эл өдөр 413 дугаар км-ийн гармаар дүрмээ баримтлан соёлтой оролцсон арван жолоочийг гарын бэлгээр урамшууллаа. Төмөр замчид ийм өдөрлөгийг жилдээ ганц удаа хийдэг ч гармын аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажлыг жилийн 365 хоногт тасралтгүй хийдэг билээ.
Б.Гүнж
