Луу жил шувтарч, могой жил гарч байна. Луу жил төмөр замчдад ээлтэй сайхан жил байлаа. ХНН УБТЗ байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Зам маань Хөдөлмөрийн баатар болж Удирдах газрынхаа анхаарал, чиг үүргийн дагуу бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний асар их ажлыг хийж гүйцэтгэв. Вокзалуудын өнгө зүс гоё болжээ. Ёстой жимбийж харагдана. Улаанбаатар вокзалын зорчигчдын тавцангийн зам дамжсан хонгилон гарцыг урсдаг шаттай болгосон нь олны талархлыг зүй ёсоор авч байна. Өртөөдийн замыг уртасгаж, тоог нэмэгдүүлсэн нь төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нийтэд нь дээшлүүлэхэд чухлаар нөлөөлөв. Энд замчид, холбоочид, хөдөлгөөнчид эрвийх дэрвийхээрээ гар нийлэн зүтгэлээ. Хилийн Сүхбаатар, Замын-Үүдийн өртөөдийн хөдөлгөөнд саад тотгор болж байсан явцуу дамжлагуудыг арилгалаа. Бүх байгууллага, хамт олон хүчин зүтгэсний дотор Л.Болд даргатай Вагоны аж ахуйн алба, Тээвэр зохион байгуулалтын алба, хянан байцаах аппарат, С.Галсандорж даргатай Замын I анги, Д.Алтангэрэл даргатай Замын II анги, О.Л.Филиппов даргатай Зураг төслийн хэлтэс, Зам засварын машинт станц, Төв засварын үйлдвэр, Улаанбаатар зүтгүүрийн депо, Улаанбаатар өртөө, Зорчигч үйлчилгээний төв буудал зэргийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Л.Янжмаа даргатай хүүхдийн цэцэрлэгүүдийн ажил төрөл гялалзаж ирлээ. Д.Ганбат даргатай “Баянбуурал” амралтын хамт олны бүтээн байгуулалтын ажлын чанар чансаа дээшилж,цар хүрээ нь тэлж, үйлчилгээний соёлын түвшин, хоолны амтат чанар олны талархлыг зүй ёсоор хүлээж байна. Төмөр замын нэрийг өргөж байна. Төмөр замын Улаан загалмайн цомхон хамт олон замчид, эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллахын төлөө мэрийж, үр дүнд хүрч байна. Манай Архив, Музейн ажилтнууд төмөр замын түүхийг арвижуулан, мэргэжлийн үзэсгэлэнг зохион байгуулж, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, ТЗДС-ийн оюутнуудад дэлгэн үзүүлж талархал хүлээлээ.

“Ган зам” сонины сэтгүүлчдийн төмөр замчдын амьдралыг зурж, бичих ур чадвар дээшилж, нийтлэлийн чанарт ахиц гарч байна.

Ахмад, залуу үеийн чуулга уулзалтууд шугам замын дагуу зохион байгуулагдаж ахмад үеийн оймс элээсэн туршлагаас шамдан суралцахыг чухалчилж байгаа нь сайшаалтай. Ган замаар хурдалж яваа галт тэрэг чинь ерөнхийдөө газраар гулсаж яваа могойтой төстэй шүү дээ.

 

Ган замчдыг газрын лус могой ивээх болтугай!

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин   Р.Раш