МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын эрхэм алдраар овоглосон төмөр замчид та бүхэндээ айлчлан ирж байгаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Улиран өнгөрч буй 2024 он УБТЗ-ын хамт олны хувьд түүхэн тэмдэглэлт ойн жил төдийгүй хөдөлмөр бүтээлийн бахдам амжилтаар дүүрэн байлаа. УБТЗ-ын хамт олон 75 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, нийгэмлэгийн Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж алдаршуулсан нь манай 16 мянган төмөр замчдын урам зоригийг сэргээж, цаашид улс орныхоо хөгжлийн төлөө илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг бадраасан онцгой баярт үйл явдал боллоо.
УБТЗ-ын хамт олон 2024 онд түүхэн шинэ дээд олон амжилтуудыг тогтоолоо. Төмөр замчид өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг нэг сая тонноор ахиулж, 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. Мөн 24.2 сая тонн ачаа ачиж, шинэ дээд амжилт тогтоолоо. Буулгалт ч ялгаагүй 2024 онд 317.900 вагон буулгаж, өнгөрсөн онд тогтоосон түүхэн дээд амжилтаа шинэчиллээ.
Түүнчлэн, 2023 онд чингэлгийн 3033 галт тэрэг дамжин өнгөрүүлж байсан бол 2024 онд 3150 галт тэрэг аялуулж, амжилтаа ахиуллаа. Ийнхүү тээврийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлж, УБТЗ-ын Ерөнхий хорооны баталсан төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлээд байна. Мөн олон жил шийдлээ олохгүй байсан Японы Засгийн газраас авсан Мон-П 1, Мон-П 2 зээлийн үлдэгдлийг тэглэж, дүрмийн сангаа 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нийгэмлэгийн дүрмийн сангийн хэмжээ 506.9 тэрбум төгрөгт хүрч өслөө. Үүний үр дүнд ОХУ-ын хөрөнгө оруулалтаар гол замын хүчирхэг таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчлэв.
2024 онд тус нийгэмлэгийн тээврийн тарифыг индексжүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн хийлээ. 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс дотоодын ачаа тээвэрлэлтийн тарифын найман бүлгийн ачааг 10-16 хүртэлх хувиар индексжүүлж, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын хөнгөлөлтийг гурван хувиар бууруулсан.
Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дахин 12 бүлгийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 3.9-30 хувь индексжүүлж, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын 12 хувийн хөнгөлөлтийг цуцалж байна. Мөн 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн манай нийт тээврийн бараг гуравны нэг хувийг эзэлдэг орон нутгийн харилцааны нүүрсний тээвэрлэлтийн тарифыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 15.5 хувиар индексжүүлж алдагдалгүй болгохоор боллоо.
Ийнхүү УБТЗ-ын 19 бүлгийн 21 төрлийн ачааны хоёроос бусдыг нь алдагдалгүй болгож чадлаа. Үүний үр дүнд тарифын алдагдалгүй болж, тээврийн орлого нэмэгдсэнээр техникийн шинэчлэл хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөл нэмэгдэж байна.
Тодруулбал, бид энэ жил гол замдаа 45 км-ийн их засвар хийж, зарим зөрлөгөө өргөтгөн шинэчилсэн. Мөн Улаанбаатар зорчигч тээврийн төв буудлын хонгилон гарцыг олон улсын жишигт хүргэж шинэчиллээ.
Нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ жил наймдугаар сарын 1-нээс нэмэхээр үйлдвэр, санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгагдсан байсан ч зургадугаар сарын 1-нээс 10 хувиар нэмсэн. Мөн замчдадаа 150-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгодог болсон. Хүүхэд асрах чөлөө авсан төмөр замчин ээжүүддээ 220 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр олгодог боллоо. “Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй цолны хишиг 100 мянган төгрөгөөр нийт ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Мөн нийт ажилтныхаа бодит орлогыг тогтворжуулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтнуудад олгох 2024 оны жилийн ажлын үр дүнгийн шагналыг 200 хувиар тооцон олгохоор шийдвэрлэлээ. Энэ мэт тээврийн тарифыг алдагдалгүй болгож, орлого нэмэгдсэний үр шим гарсаар байна.
Ийнхүү УБТЗ-ын хамт олон бахдам амжилтаар түүхт 75 жилийн ойгоо үдэж, шинэ оноо угтаж байна. УБТЗ-ын цаашдын хөгжил дэвшилд хариуцлагатай, харилцааны соёлтой, чадварлаг хүний нөөц чухал үүрэг гүйцэтгэх учраас 2025 оны нийгэмлэгийн зорилтыг “ХҮНИЙ НӨӨЦИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан.
Улс орныхоо хөгжлийг нуруун дээрээ тээж явдаг 16 мянган төмөр замчин та бүхэндээ шинэ ондоо амжилт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Ган зам зурайж галт тэрэг хурдан байг.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
ХНН УБТЗ-ын дарга
Х.ХЭРЛЭН