Нүүр Томилолт Ган зам сониныхон Зүүнхараагийн уншигчидтай уулзлаа
Томилолт

Ган зам сониныхон Зүүнхараагийн уншигчидтай уулзлаа

G.Press 1 жилийн өмнө 94 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

"Ган зам" сонины редакци бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрөвдүгээр сарын 1-ний өглөө МУСГЗ Л.Сэнгээгийн хамт Зүүнхараа зангилааг зорин замд гарсан юм. Учир нь, уншигчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, товчхондоо сэтгүүлч бид тэднээс “дүнгээ сонсохоор” зорьж яваа нь энэ. Тус зангилааныхан манай сониныг идэвхтэй захиалдаг үнэнч уншигчид юм. Бид үдийн үед Зүүнхараад аяны дөрөө мулталлаа. Хараа гол цөнгөө түрж, модод гөлөглөж Зүүнхараагийн хавар яруухан угтлаа. Хөгшид нарлаж, хүүхдүүд бужигналдан тоглох нь аргагүй л урин цагийн өнгө дөө. Сэтгүүлчид уншигч редакцийн уулзалтаас урьтаж, зангилааны зарим байгууллагаар орж мэдээ сурвалжилга цуглуулахаар тал тал тийш гарав. Ингээд товлосон 14.00 цагтаа Соёлын төвд бид уншигчидтайгаа уулзлаа. Уулзалтад залуу дунд, ахмад үеийн уншигчдын төлөөлөл болох 60 гаруй хүн хүрэлцэн иржээ.

Уулзалтыг зангилааны дарга Ц.Алтанхуяг, “Ган зам пресс” төвийн дарга, сонины эрхлэгч Д.Батболд нар нээж үг хэлж, манай сонины эрхлэгч асан, ахмад сэтгүүлч, МУСГ Л.Сэнгээ сонины түүх, өөрийн эрхлэгчээр ажиллаж байсан үеийн дурсамжаас хуучиллаа. Мөн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Наранболд сонины нийтлэлийн бодлого, захиалга, түгээлтийн талаар мэдээлэл хийлээ. Үүний дараа уншигчдынхаа сэтгэгдлийг сонслоо.

 

Уншигч О.Ялалт: Би Зүүнхараа зангилааны спорт хариуцсан арга зүйч. Төмөр замд 23 дахь жилдээ ажиллаж байна. “Ган зам” сониныг 20 жил захиалан уншиж байна. Сүүлийн үед спортын мэдээ мэдээлэл бараг байхгүй болсон. Одоо спорт сонирхдоггүй, спортоор хичээллэдэггүй залуучууд гэж байхгүй. Тэгэхээр цаашдаа сонинд спортын мэдээ мэдээллийг нийтэлж байхыг хүсэж байна. Мөн танин мэдэхүйн материал, үгийн сүлжээ нийтэлж байвал сайн байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

Уншигч Ж.Энхчимэг: Би хүүхэд байхаасаа “Найрамдлын зам” сониныг уншиж өссөн. Аав минь сониноо бариад ирнэ. Дэлгээд тавихад ширээ бүрхсэн том сонин санагддаг байсан. Одоо сонины хэмжээ маань арай багассан санагддаг. Гэхдээ хэмжээ нь хэдий багассан ч гэсэн сониноос авах ёстой мэдээллээ авдаг. Миний хувьд сонины шинэ дугаарыг аваад хамгийн арын нүүрний “Авах хүнд үг ганцдахгүй” буланг эхэлж уншаад, дараа нь бусад мэдээллүүдийг уншдаг. Сайхан мэдээллүүд байдаг. Би бас О.Ялалттай санал нэг байна. Урлаг спорт, хошин шог байвал зүгээр. Хүүхэд байхдаа тийм материалыг нь түүж уншдаг байлаа. Сайхан өгүүллэгүүд нийтлэгддэг байсан. “Ган үзэг” гээд яруу найргийн наадмын сайхан шүлгүүд нийтлэгддэг. Төмөр замын сэдэвтэй шүлгийн түүврийг ном болгон гаргадаг байсан.  Ийм сайхан үүх түүхтэй сонин байгаа юм. Энэ ташрамд “Ган зам пресс” төвийн дарга ирсэн учраас нэг зүйлийг хэлье. Танай үйлдвэрээр төмөр замын бүхий л цаасан хэвлэл үйлдвэрлэгддэг. Тэр дотроос төмөр замчдын ажлын үнэмлэхийг цаашид QR кодтой, түүндээ бүх мэдээлэл нь багтаасан пластик үнэмлэх хэвлэдэг болбол сайн байна. Одоо УБТЗ шиг цаасан үнэмлэх хэрэглэдэг байгууллага ер нь байхгүй болсон.

 

Уншигч н.Бөхбат: Сонины нийтлэлүүд их том хэт нуршуу байна уу даа гэж боддог. Би гурав дахь үеийн төмөр замчин. Манай удмаас дөрөв дэх үеийн төмөр замчин ч гарсан. Тэгэхээр гэр бүлээрээ төмөр замд ажиллаж байгаа хүмүүсийн талаар сурвалжилж байх хэрэгтэй гэж бодож байна. Мөн сониноос шинэ техник, технологийн дэвшилтэй холбоотой мэдээ материал уншмаар байна.

 

Уншигч Н.Баасанхүү: Би сониноо 1968 оноос хойш захиалан уншиж байна. Сониндоо гэр бүлийн булан, хуулийн зөвлөгөө нийтэлж байвал залуучуудад их хэрэгтэй байх болов уу гэж бодож байна.

 

Уншигч Н.Нандинцэцэг: Хэдэн жилийн өмнө зангилаадад “Ган зам” сонины захиалга, тараалт түгээлтийг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч нар ажилладаг байсан. Хэвлэлийн төлөөлөгч зангилааны бүх аж ахуйн нэгжийн захиалгыг нэгтгээд захиалгаа өгдөг. Мөн сонины түгээлтэд нь хяналт тавьдаг байсан. Тэгж захиалга, түгээлтийг нэгдсэн байдлаар зохион байгуулбал төмөр замчид сониноо сайн захиална. Тухайн үед би Зүүнхараа зангилааныхаа сонин захиалгыг хариуцаад ажиллаж байсан. Түүнийгээ дахин сэргээвэл зүгээр юм уу гэж боддог гэв.

 

Зангилааны дарга Ц.Алтанхуяг: Сошиал хөгжөөгүй байхад сонин хэвлэл мэдээлэл авдаг гол суваг байлаа. Тэр үед сонины захиалга өндөр байсан. Залуучууд сошиал орчноос мэдээлэл авч байна гэдэг. Гэтэл саяхан БНХАУ фэйсбүүкээ хаагаад Wechat руу шилжиж байна. Ер нь, цахим дээр хадгалсан мэдээлэл нэг л устах юм бол дахиад сэргээх боломжгүй. Харин сонины шарласан хуудас бол хэзээд байж л байдаг. Сонины үнэ цэн үүндээ оршиж байгаа юм. Тэгэхээр сониноо захиалан уншиж байх хэрэгтэй.

Түүнчлэн, нэгэн уншигч “Залуу төмөр замчид сонин захиалдаггүй, уншихгүй байна. Зарим нь “Ган зам” сонинг барьж үзээгүй байх. Тиймээс та бүхэн залуустай илүү ойр ажиллах хэрэгтэй” гэж байлаа.

Мөн уулзалтын үеэр уншигчдын дунд санал асуулгын хуудсаар судалгаа авахад судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь амралт чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийг хамгийн түрүүнд уншдаг гэжээ. Ялангуяа, хүний сэтгэлийн утсыг хөндсөн “Сэтгэлийн анир”, уран зохиол, яруу найргийн булангууд таалагддаг аж. Мөн төмөр замын салбарт болж байгаа цаг үеийн, мэдээ, шинэ техник технологийн талаар унших хүсэлтэй залуус ч цөөнгүй хувийг эзэлж байлаа. Спортын мэдээ, судоку, үгийн сүлжээ бөглөх, сонжоо оруулах талаар ч дурдсан байна. Харин удирдах ажилтнуудад илүү ажил хэрэгч мэдээлэл, Замын удирдлагаас гаргасан бодлого шийдвэрийг шуурхай бичиж нийтэлж байгаа нь ажил үүргээ явуулахад тун ч хэрэг болдог хэмээн өгүүллээ. Судалгаанд хамрагдагсдыг ажилласан жилээр нь тоймловол, зургаан сараас нэг жил хүртэл ажиллаж буй захиалагч тав, 2-5 жил ажиллаж буй зургаа, 6-10 жил ажиллаж буй найман уншигч байсан бол 15-аас дээш жил ажиллаж буй уншигч ихэнх хувийг эзэлж байсан юм. Олон жил сониноо захиалсан уншигчид хэрэгтэй мэдээллээ авч чаддаг гэсэн бол залуусын зарим нь захиалж байгаагүй гэж хариулжээ. Харин хэрэгцээт мэдээллээ “Ган зам” сониноос авч чадаж байна уу гэсэн асуултад уншигчидын ихэнх нь чаддаг гэсэн байна. Сонин хугацаандаа ирж байгаа талаар асуухад бүгд товлолт хугацаандаа ирж байгаа гэж хариулсан.

Уулзалтын төгсгөлд сониныг олон жил тасралтгүй захиалан уншиж буй таван уншигчид редакцийн зүгээс батламж, гарын бэлэг гардуулав. Мөн уншигчдынхаа дунд АХА тэмцээн зохион байгуулж, ялагчдыг шагнаж урамшууллаа. Олон оролцогчтой, өрсөлдөөнтэй болсон уг тэмцээнд Зүүнхараа солилцох тасгийн машинч Н.Ганзориг тэргүүлж богино долгионы зуух, дэд байрт Дохиолол холбооны I ангийн суурин холбооны механикч Н.Бүтээлбаяр шалгарч кофе чанагч, гуравдугаар байрт “Моносхон” цэцэрлэгийн үйлчлэгч П.Улаанбаатар шалгарч жигнэмэг шарагчтай харьцгаав.

Машинч Н.Ганзориг УБТЗ-д 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд төмөр замчин болсон цагаасаа манай сониныг тасралтгүй захиалан уншиж байгаа гэлээ. Харин П.Улаанбаатар “Моносхон” цэцэрлэгт ажилд ороод зургаахан сар болж буй залуу ажилтан байлаа. 

 

 

Б.Гүнжээ 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.