Сайн байна уу? “Ган зам” сонины хамт олон минь ээ. Энэхүү захиа очих өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Миний бие Отгонмягмар овогтой Дорждэрэм нь Төв аймгийн Батсүмбэр суманд төрж, өсөөд 2004 онд УБТЗ-ын Замын IV ангийн есдүгээр хэсэгт Л.Бямбадорж мастер дээр ажилд орсон цагаас өдийг хүртэл төмөр замд ажиллаж байна. Одоо би гэр бүлийн хамтаар Замын VI ангийн хоёрдугаар хэсэгт ахлах замчнаар ажилладаг. Би төмөр замд орсон даруйдаа л танай сониныг шимтэн уншдаг болсон билээ. Анх говьд ажилд ороход утас, интернет гэж байхгүй. Говийн жижигхэн газар “Ган зам” сониныг л уншиж, хорвоо дэлхийд юу болж байгааг мэддэг байлаа. Тэр тусмаа танай сонины “Авах хүнд үг ганцдахгүй”, мөн яруу найргийн буланг уншдаг, хадгалдаг байсан. Одоо ч мөн уншсаар, хадгалсаар л байна. Би өөрөө яруу найраг сонсох их дуртай. Хааяа энүүхэндээ шүлэг бичдэг ухаантай. Танай сонинд өөрийнхөө шүлгийг нэг удаа ч болов нэр устайгаа хэвлүүлэх нууцхан мөрөөдөлтэй явдаг хүн дээ, би. Шүлгийн уралдаанд оролцох гэхээр зориг хүрэхгүй юм. Тэгээд ч олигтой шүлэггүй тул чадахгүй юм аа. Энэ жил л гэхэд улирлын үзлэг, зам хэмжигч вагон явах гээд ажил ихтэй байлаа. Гэхдээ зориглон нэг шүлгээ явууллаа. Та бүхэн минь миний мөрөөдлийг харгалзан үзэж сониныхоо нэг буланд ч болов хэвлэж өгөөч.

               Жич: Миний шүлэг ч гэж дээ, оролдсон ухаантай. Энэ шүлгийг минь хянаад хасах, нэмэх юм байвал утгыг нь алдуулалгүй засаад өгөөрэй. Би зөвшөөрч байна. Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Хэрэв хэвлэх боломжгүй бол хариу захиа бичвэл их баярлана шүү.

 

Хүндэлж ёсолсон: Замын VI ангийн II хэсгийн ахлах замчин О.Дорждэрэм

Холбоо барих утас: 86021986, 99470219

 

Шар хантааз   

 

Халтар болсон хантаазыг минь

Хайрлаж яваарай гэж хэлэхгүй ч

Хүндэлж яваарай

Харанхуй шөнө

Халуун зун

Хатуу өвлөөр ч хамгаалж явсан юм шүү намайг

Мэдэхгүй хүн харахад

Энгийн нэгэн шар даавуу ч

Эгэл хөдөлмөрч хүний

Эрдэнэт амийг хамгаалсан

Ээжүүдийн сэтгэл, гараар урласан

Хантааз нэртэй хамгаалагч билээ

Жилээс жилд, үзлэгээс үзлэг хооронд

Элдэв төрлийн ажил хийж явахад

Энэхэн биеийг минь хамгаалж

Ээж аавтай минь

Элэг бүтэн амьдруулахад

Энэ л хантаазны минь эрхэм ач их ээ

Амь насаа дүйн аюултай бүсэд ажилладаг

Хар, шар, гадаад, дотоод

Хөгшин, залуу, дарга, цэрэг

Ялгалгүй бүгдийг нь хамгаалдаг

Хос мөнгөн зам шигээ

Шулуун шударга нэг л зантай

Шар хантаазыг минь хүндлээрэй

Одоо намайг хамгаалж байгаа шар хантааз

Одон тэмдэг зүүсэн олон буурлыг хамгаалж

Гавьяаны амралтад нь гаргасныг

Мэдэх үү та минь

Цухас дурдвал

Хөдөлмөрийн баатар Р.Раш, Ж.Түгж...

Гавьяат тээвэрчин Д.Сандаг, Ю.Идэрчулуун гээд

Энэ олон алдартныг

Ар гэр авааль эхнэрт нь

Элэг бүтэн хүлээлгэж өгсөн юм шүү

Гавьяа байгуулсан төмөр замчид минь

Индэр дээр гарахаараа

Индүүдлэг нь ч арилаагүй

Шинэхэн формоо цоолуулдаг

Тэглээ гээд шар хантааз гомдоллодоггүй

Тос, тоос, шорооноосоо салахдаа л баярладаг байх даа

Хос мөнгөн жирээ

Ган зам минь шүлэгтэй

Хорвоог даадаг дэр мод минь шүлэгтэй

Ган хоолой галт тэрэг минь шүлэгтэй

Өртөө зөрлөг, өвгөн замчинтайгаа шүлэгтэй байхад

Өөрийн биеийг минь хамгаалдаг

Өчүүхэн даавууны өөдөс ч

Өнгөтэй мөнгөтэй ялгалгүй хамгаалдаг

Шар хантааз чамайгаа

Шад шүлгэндээ мөнхөлье гэсэн юм аа