УБТЗ-ын спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг "Ган зам цом-2023" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнгөрсөн сарын 22-нд Төмөр замын чуулгад амжилттай зохион байгуулагдлаа. Уламжлал болсон тус ёслолыг Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөр албан ёсоор нээж үг хэлэв. Мөн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга Б.Ууганбаяр, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт, Замчин спорт хорооны дарга С.Ерөөлт нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, оролцсон юм.

 "Ган зам цом-2023"-ын хүрээнд нийт таван номинациар 15 шилдэгийг тодруулж, алдаршуулсан юм. Үүнд, “Шилдгийн шилдэг байгууллага”-аар, Улаанбаатар татах хэсэг, “Шилдэг байгууллага”-аар Зорчигчийн вагон депо, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны хамт олон тус тус тодорлоо. Мөн “Шилдгийн шилдэг товчоо”-гоор Холейболын товчоо, Хөлбөмбөг товчоо,

Бадминтоны товчоо тус тус шалгарсан юм. Түүнчлэн, “Шилдгийн шилдэг арга зүйч”-ээр Улаанбаатар татах хэсгийн биеийн тамирын арга зүйч М.Маруул, Улаанбаатар өртөөний биеийн тамирын арга зүйч  Б.Болд, ЦХОБА-ны биеийн тамирын арга зүйч О.Ялалт нар тодорлоо. Харин “Шилдгийн шилдэг баг”-аар волейболын “Замчин”, ТЗДС-ийн сагсан бөмбөгийн “Жигүүртэн”, Замын-Үүд өртөөний сагсан бөмбөгийн эмэгтэй багуудыг тус тус тодрууллаа.

            Харин "Ган зам цом-2023"-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Замын-Үүд ТҮГ-ын тамирчин Б.Батсайхан, “Шилдэг тамирчин”-аар Улаанбаатар татах хэсгийн тамирчин М.Өлзий-Орших, Зорчигчийн вагон депогийн тамирчин Б.Энхтөр нар тус тус шалгарсан юм.

            Дашрамд дурдахад, 2023 он төмөр замчин тамирчдын хувьд хүндийн өргөлтийн төрлөөр дэлхийн хошой алтан медаль, жудогын төрлөөр хошой мөнгөн медалийг  тус тус хүртсэн бахдам амжилттай жил болж өндөрлөлөө. Энэ бол үндсэн ажлынхаа зэрэгцээ өөрийгөө хөгжүүлсэн төмөр замчин тамирчдын нөр их хөдөлмөр, тэдний хичээл зүтгэлийг үнэлж, ойлгож, дэмжиж ирсэн шат шатны удирдлага, хамт олны сэтгэлийн өгөөж юм гэдгийг “Ган зам цом-2023” наадмыг зохион байгуулагчид онцолж байлаа. Түүнчлэн, ТЗДС-ийн сагсан бөмбөгийн тамирчид үндэсний лигт “цахиур хагалж” буй нь төмөр замчин тамирчдын залгамж халаа улам сайн бэлтгэгдэж, зөвхөн УБТЗ-аа төдийгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах мөч ойрхон байгааг харуулсан үйл явдал гэлтэй.