Нүүр Гэгээн анир “Ган үзэг” яруу найргийн наадамд 18 яруу найрагч оролцлоо
Гэгээн анир

“Ган үзэг” яруу найргийн наадамд 18 яруу найрагч оролцлоо

G.Press 9 сарын өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

“ГАН ҮЗЭГ-2025” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД З.ЭРДЭНЭТОГТОХ ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол-Оросын ХНН УБТЗ-ын Төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан “Ган зам” сонин болон МЗЭ-ийн УБТЗ дахь салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадмыг энэ жил Замын II ангийн 75 жилийн ойн нэрэмжит болгон төмөр замчин яруу найрагч, зохиолчдын дунд зохион байгууллаа. Наадамд 18 яруу найрагч оролцож дараах найрагчид шалгарсан бол шүүгчээр МУСГЗ яруу найрагч, сэтгүүлч Л.Сэнгээ, МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Энхболд, Г.Лхагвадорж нар ажиллалаа.

 

Тэргүүр байр

 

ТБДҮ-ийн ажилтан, яруу найрагч З.Эрдэнэтогтох

 

ЗӨРЛӨГИЙН ЖИЖҮҮР

Зөрлөгийн жижүүр чи минь инээмсэглэсээр л

Зөндөөн алсаас яаран яаран ирсэн сэн

Алс холын чамдаа би хайртай гэж хэлчихээд

Аяар аяархан алхсаар тэртээ хол одсон сон

Амраг минь гэж чи зөндөөн удаан хүлээсэн байх

Алс холоос би зөндөөн их яарсан ч

Амьдрал гэдэг уулсын дунд

Алдарсан сэтгэлээ гээсэн байна

Ганц л олдох энэхэн амьдралдаа

Дахин хоёул учирвал хайрт минь

Галыг минь манаж

Цайг минь чанаж өгөөрэй

Зөрлөгийн жижүүр

Зүүдэндээ л учрах бүсгүй минь

Эцсийн ганц хүсэл

Их хайрын эзэн минь ээ

 

 

БИ

Би нар тоссон уулын онгон тэнүүн оргил

Намайг угаасан усны одод шүргэсэн мандал

Буй беэрээ шингэх эх нутгийн минь шороо

Буян заяагаа дээдлэх их хайрхан шүтээн

Навчинд унасан шүүдрийн болор мөнгөн дусал

Найраг дуунд өргөх бодлын ариун хэлхээ

Цэцэгс наадсан талын минь уртын дууны шуранхай

Цээл ариун хоолойтны уянга дууны түрлэг

Аялгуу дуунд шингэсэн бадаг шадын мөр

Амьдрал өөд тэмүүлсэн булаг усны боргио

Ургах л гэж соёолдог ургамал бүхний үндэс

Учрах л гэж төрдөг хүмүүн заяаны төөрөг

Эцгийн захисан сургаал мөнхөд орших бэлгэдэл

Ээжийн өргөсөн цацал мөрөөдөл хүслийн биелэл

Хүйн холбоотой ертөнцөд удам залгахын нотолгоо

Хүний энэхэн орчлонд ураг тасрахгүйн баталгаа

Элэнц хуланцын үеэс усыг нь ууж дассан

Эцэг өвгөдийн үеэс ёсыг нь дагаж заншсан

Би монгол их цусны булингар суугаагүй дусал

Би молцог зүрхэнд омогших цөс ихтэний хэл

 

 

Дэд байр

"МТЛ" компанийн замын мастер, яруу найрагч Б.Нацаг

 

 ӨРГӨН ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮР ЭГЧ

Хурууны өндгөөрөө пультэн дээр товруу тогшсон

Хувьсах гүйдлийн хүчээр зам сумаа шилжүүлсэн

Хугаршгүй өндөр шонгийн гэрлэн дохио нээсэн

Хууль мэт үг дуугүй биелүүлэхийг тушаасан

Өргөн өртөөний жижүүр эгч

Үүрэгт ажилдаа мэргэшсэн эгч

Үнэн цээлхэн хоолойтой эгч

Үзгээн бариад журнал хөтөлсөн эгч

Зөрлөгөөс ирэх зүтгүүрийн машинчийг

“Зөв ойлгосон байна, гүйцэтгэ” гэж тушаасан

Зөрөөд явах галт тэргийг утсан холбоогоор

Шуурхай дамжуулсан холбоочин

Галт тэрэгний хөдөлгөөнийг

Өндөр дуугаар зарласан

Өргөн өртөөний жижүүр эгч

Галт тэрэгний зурмагийг

Өнгө өнгийн үзгээр тэмдэглэсэн

Үүрэгт ажилдаа мэргэшсэн эгч

Хуй салхи, цасан шуурга, усан бороо, халуун өдрүүд

Хуучны юм бүхэн ард хоцорчээ гэж өгүүлсэн

Хуйлсан шар дарцаг, цагаан дэнлүү барьсан

Хувь заяа минь гэж бахдалтайхан дурссан

Одноос олон тэнгэрийн хүлгүүдийг угтаж, үдсээр л

Одоо цагтай золгосон жижүүр эгч

Элсэн цаг шиг урсах он жилүүдийн уртад

Жинхэнэ мэргэжилдээ хаан болсон эгч

Ээлжиндээ аялсан галт тэрэгний тоог

Цээжээр хэлчихээд инээмсэглэсэн эгч

Мөрдөстэй цэнхэр цамцандаа нугалаа үгүй цэмцийсэн

Мөрдөгч бүсгүй гэж эндүүрмээр эгч

Мөнхийн цагаан лавайн дуу шиг сэтгэлд хоногшсон

Мөн ч сайхан хоолойтой жижүүр эгч

Цонхонд завгүй гүйлдэх төмөр замчдын

Чанга яригчийн цаанаас таньдаг эгч

Цол тэмдэг нь энгэртээ од шиг гялталзсан

Цовоо дуутай эгчийгээ бид мартахгүй

Өргөн өртөөний жижүүр эгч

Үүрэгт ажилдаа мэргэшсэн эгч

Үнэн цээлхэн хоолойтой эгч

Үзгээн бариад журнал хөтөлсөн эгч

 

Гутгаар байр

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУГТээвэрчин Ю.Идэрчулуун

 

***

Галт тэрэгний

Ганзаганаас татлан

Ган дөрөө жийж

Газрын уртыг зурж

Буудлаас бодол өвөртлөн

Хөдөллөө

Зэрэгцээд суусан

Зэрвэс алаг нүдэн

Зассан

Зээрийн шагай шиг залуу

Тэвэг ч өшиглөж магадгүй

Тэнхлүүн өвөө

Замын хань бид дөрөв

Хаа хүрэхээ ярилцан

Халуун цай оочлон

Хань бүл болов

Цаг нарыг эгшээж

Цагаан хөшиг түлхэхүй

Цонхны

Дөрвөлжин модон гуунд

Алсын цэнхэр уулс

Араар тойролдоод

Ойрын буурал уулс

Ойртож тосоод

Галт тэрэг эргээд ч

Гар гараасаа барьсан мэт

Бид эргэлдээд...

Галт тэрэг

Дууны пянз

Ган зам дуу

Дугуй дор эгшиглээд

Зүгээр л бид

Эгшигт хайрцаг

Ган төмрийн

Уулзвар бүрт

Ган зам дууны

Дахилт нь

Хөл дор

Хөнгөн хөгжимтэй давтагдаад

Борхойн тал

Миний зүүнтэй эргэлдээд

Бурхантын хөндий

Миний баруунтай эргэлдээд

Аян холын их тойрогт

Агуу ган зам дуу

Дэлхий цалигааж эгшиглээд

Дээрээс нь би

Дэлхийд багтахгүй

Халигаад...

 

2025.7.20

Гоодойн зуслан

 

 

Тусгай байр

Яруу найрагч Б.Галмандах

 

ТӨМӨР ЗАМЫН АХМАДЫН ӨРГӨӨ

Өндөр нас бурхны өгдөг бэлэг юм

Өгсөхөд хэцүү уулсын сүрлэг оргил юм

Гаталхад халширмаар ухаан мэдлэгийн мөрөн

Гарцаагүй хүр бүрт тохиохгүй хишиг буян юм

Навч, цэцэг, жимс, самар ургаж боловсроно

Намар, өвөл, хавар, зун эргэж ээлжилнэ

Нэг л мэдэхэд жилийг тойрсоор жаран болно

Нэрийг нь мэдэхгүй та бид ч настан болно

Эндүүрч төөрмөөр өдөр хоногийн уртад

Ээж, аав шиг минь дотно ахмадуудтай өргөө

Элэгдэж өнгөрсөн он цагийн алсад

Эрхэлж өссөн чулуун гэр шиг санагдах ахмадын өргөө

Цогтой залуу явсан уу гэж настангуудаас бүү асуу

Галтай явсан юм тэд нар

Галт тэрэг шиг эрчтэй залуус явсан юм

Ган зам шиг урт амьдрал туулсан

Өвөө нь хүүгээ хөтлөөд ажилласан төмөр зам

Хүү нь ачаа ажиллахыг харж өхөөрдсөн зураг

Эцгийнхээ тавьсан дэр модыг сольж зогссон залуу

Энд ахмадын өргөөнд ирдэг болсон сураг

Атаг чихрээ хувааж идэх нь хүүхдээрээ наслах

Аяга цайгаа тойруулж хийх нь хүнээрээ өнгөрөх

Ахмад гэдэг цэргийн цол шиг алдар нэрээ

Амьдрал гэдэг уулсын оргил дээр тээх нь хайрламаараа

Дутах зүйлгүй элбэг баян дайлдагт тань баярлалаа

Дундуур бүгдийг дүүргэж амьдарсанд тань талархлаа

Байхгүй зүйлийг бүтээсэнд тань бүгдэд нь гялайлаа

Баярлуулж чадаагүй ч баярлаж явдагт нь хүндэллээ

Бороо ч гэсэн ороод л өнгөрдөг хорвоогийн өдөр

Цас ч байсан хаялаад л хоцордог орчлонгийн хоногт

Галт тэрэг л цаг цагтаа явдаг үнэнийг

Гарцаагүй амьдралаараа туулснаа тэд явахдаа сануулна

Нүүдлийн шувууд гунигийн дуу аялан холыг зориход

Нүдэндээ нулимстай хүлээнэ ээ гээд нартай инээмсэглэх хөгшчүүл

Холын шувууд баярын дуу цангинуулан ирэхдээ дутсан байдаг шиг

Хоргодон хүлээсэн настангууд бүгд тосохгүй нь ганцхан улирал

Төрийн сүлдээ галт тэргэндээ малгайдаа дээдэлж

Туулсан амьдралдаа хазайлгаагүй түшиж ирсэн

Туучиж гарсан өнөөдөртөө хиртүүлээгүй өвлүүлж өгсөн

Төмөр замын хэдэн ахмад тэд цөөхөн

Замын дарга ч байсан насыг насалж алхаж орох

Босго өндөр өргөө

Замчин залуу та ч ахмад болохоороо зочлох

Бодоход алс

Төмөр замчдын ахмадын өргөө

 

Тусгай байр

Замын II ангийн Х хэгийн замчин, яруу найрагч Д.Болормаа

 

СЭВИЙН МАНААНД ЗОГСОХ СЭРГЭГ СЭТГЭЛТ ОПЕРАТОР

Шөнө дөлөөр замдаа гарч,

Шударга хэмжүүрээ асаадаг залуус

Сэв шалгагч тэргэнцрийн ард

Сэрэмжтэй харж, сонсож зогсдог баатрууд

Ган төмөр дотор нуугдсан сэвийг

Ганцхан дохиоллоор олж мэдэрнэ

Хором мөчийг алдалгүй онош тавьж

Холын замдаа итгэлтэйгээр аялна

Соронзон шугам, долгионы мэдрэгч

Сонсох чих, зүрх сэтгэлтэй хослон ажиллана

Ан цавын гүнд нуугдсан ганцхан зурвасаар

Аюулыг өмнөөс нь зогсоож чадна

Халуун зуны нар, өвлийн хүйтэн цас бударсан шөнө ч

Хаанаас ч дуудавч тэд бэлэн байдаг

“Зам аюулгүй” гэх ганц өгүүлбэрийн цаана

Залуу операторын тэвчээр, ухаан оршдог

Тэдэнгүй бол тэргэнцэр хөдлөхгүй

Тэгж л зам жигд амьсгалж эхэлнэ

Сэвийн цаана нуугдсан бүх ослыг

Сэрэмжлүүлж чаддаг тэр л оператор

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.