Нүүр УБТЗ ХНН Галт тэрэгний тасалбар яагаад ховордов?
УБТЗ ХНН

Галт тэрэгний тасалбар яагаад ховордов?

G.Press 19 цагийн өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

Үйлчлүүлэгчид зорчигчийн галт тэрэгний тасалбар олдохоо больжээ. Галт тэргээр аялахад яагаад ийм хүндрэлтэй болов? гэх асуултыг манай редакцид ирүүлсэн тул УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн тасалбарын ахлах нярав Д.Отгонгэрэлээс энэ талаар тодрууллаа.

-Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалбар олдохоо болилоо. Галт тэрэг явж байгаа юм уу гэх хүн олон байна. Энэ асуултад хариулт өгөөч?

-Орон нутагт таван чиглэлд зорчигчийн галт тэрэг аялж байна. Тодруулбал, өглөө бүр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр галт тэрэг аялж байна. Харин  орой бүр Улаанбаатар-Сүхбаатарын 263, Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 312 дугаар галт тэрэг нийлээд нэг состав болон аялж байгаа. Урд чиглэлд өдөр бүр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг аялж байна. Мөн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт аялж байгаа. Уг галт тэрэг энэ хуваариар он дуустал аялна.

Галт тэрэгний тасалбарууд урьдчилаад зарагдаад дуусдаг болсон. Нийт тасалбарын 60-70 хувь нь онлайнаар борлуулагддаг. Урд чиглэлийн галт тэрэгний тасалбарууд зарим үед 14 хоногийн өмнө зарагдаж дуусах тохиолдлууд байгаа. Ер нь, галт тэрэгний тасалбарыг хоёр сарын өмнө худалдаж авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, аяллаа эрт төлөвлөсөн зорчигч хоёрын сарын өмнө тасалбараа авах боломжтой гэсэн үг.

Тасалбар олдохгүй байгаад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь зорчигчийн вагон олноор актлагдаж, галт тэрэгний бүрэлдэхүүн цөөн вагонтой явдаг болсонтой холбоотой. Жишээ нь, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өмнө нь 27 вагонтой аялдаг байсан бол одоо 16-17 вагонтой аялж байгаа. Уг нь өдийд зорчигч урсгал буурдаг боловч галт тэрэг цөөн вагонтой явж байгаа учраас зорчигчдоо багтаахгүй байна. Мөн үүнд түлш шатахууны үнэ өсөж, орон нутаг руу явдаг хувийн таксины үнэ нэмэгдсэн нь нөлөөлж байгаа гэж харж байна.

-Аль чиглэлд илүү ачаалалтай байгаа вэ?

-Урд чиглэлд илүү ачаалалтай байна. Гэхдээ амралтын өдрүүдэд хойд чиглэлд аялж буй галт тэрэгнүүдийн тасалбар урьдчилан зарагдаж дуусаж байна.

-Олон улсын галт тэрэгнүүд ямар хуваариар аялж байна вэ?

-Улаанбаатар-Бээжингийн галт тэрэг Пүрэв гараг бүр хуваарийн дагуу аялж байна. Улаанбаатар-Эрээн чиглэлд Даваа, Пүрэв, Баасан, Ням гарагт аялж байгаа. Гэхдээ энэ галт тэрэг Даваа болон Баасан гарагт Хөх хотын галт тэрэгтэй хамт аялж байгаа.

Харин хойд чиглэлд Улаанбаатар-Эрхүү рүү галт тэрэг Баасан, Бямба гарагт аялж байна. Аялал жуулчлалын улирал дуусаж байгаа учраас олон улсын зорчигч урсгал харьцангуй буурч байна.

-Томилолтоор шугам замд ажиллах төмөр замчдад ч суудал олдохгүй байна гэх юм?

-Нэг галт тэргэнд томилолтын дөрвөн суудал байдаг. Гэтэл тухайн өдөр нэг чиглэлд дөрвөөс олон ажилтан томилолтоор явж байгаа үед үнэхээр хүндрэл үүсэж байгаа. Тиймээс томилолтоор явж буй төмөр замчид аль болох эрт тасалбараа авах шаардлага үүсэж байна.

-Үйлчлүүлэгчдээс хэр санал хүсэлт, гомдол ирж байна вэ?

-Вагоныхоо тоог нэмээч гэх хүсэлт их ирж байна. Гэвч галт тэрэгний бүрэлдэхүүнд вагон нэмэх эсэхийг манайх шийддэггүй. Зорчигчид нэлээд бухимдалтай байна. Бид аль болохоор нөхцөл байдлыг тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг.

-Тээшийн тээвэр дээр хүндрэл бий юу?

-Тээшин дээр бас хүндрэл үүсэж байгаа. Тээшний вагон өдөр бүр явдаг байсан бол одоо өнжөөд явдаг болсон. Тээшээр ачаа явуулах бол нэг өдрийн өмнө өгөхгүй бол өнжөөд явж байгаа учраас тухайн өдрөө явуулж чадаагүй бол ахиад хоёр хоног хүлээх шаардлага үүсэж байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.