Грект болсон галт тэргийн ослын улмаас 36 хүн амиа алдсан юм. Иймд тус улсын Зам тээврийн сайд огцрох болсноо мэдэгджээ. Тэрээр бичгээр гаргасан мэдэгдэлдээ “Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн ажлаа хүлээлэлгэн өгөх нь зөв. Удаан хугацаанд үргэлжилсэн төрийн алдааны хариуцлагыг би үүрэх ёстой” гэжээ. Зорчигчийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй өөд өөдөөсөө мөргөлдсөн ослоор 85 хүн шархадсан. Галт тэргэнд 350 зорчигч байжээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байна. Машинистууд ихээхэн хурдтай явж байсан тул галт тэрэгнүүд хүчтэй мөргөлджээ. Зорчигчийн галт тэрэгний эхний дөрвөн вагон замаасаа гарч, хоёр вагон шатсан байна. Цагдаа нар Лариса хотын галт тэрэгний буудлын даргыг ажилдаа хайхрамжгүй хандсан, машинистуудад дохио өгөөгүй хэмээн баривчилжээ. Харин тэрээр осол техникийн эвдрэл гэмтлийн улмаас гарсан гэж мэдүүлсэн байна. Ослын дараа Грект гурав хоногийн гашуудал зарласан юм.