Нүүр Томилолт Галт тэрэг түр зогсох зуур
Томилолт

Галт тэрэг түр зогсох зуур

G.Press 4 сарын өмнө 138 үзэлт 1 сэтгэгдэл

 

Замын даргын ээлжит үзлэгийн үеэр УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн Эрдэнэт хэсгийн механикч Доржсүрэнгийн Хишигсүрэн хэмээх бүсгүйг УБТЗ-д 35 дахь жилдээ ажиллаж байгаа тул Замын даргын шийдвэрээр 3.5 сая төгрөгөөр урамшуулсан юм. Галт тэрэг түр зогсох хэсэгхэн хугацаанд түүнтэй уулзаж ярилцсан юм.

Д.Хишигсүрэн Булган аймгийн Сайхан суманд төрсөн, малчин айлын охин. Тэрбээр 1986 онд Булган аймгийн Баянгт сумын дунд сургуульд сурч, төгсжээ. Тэр жил тус сумын сургуульд Төмөр замын техникумын сантехникийн гэсэн анги ирснийг нь Д.Хишигсүрэн шууд л сонгон авсан байна. Сургуулийн захирал нь “Чи арай өөр мэргэжил сонговол дээр биш үү гэхэд нь “Би энэ мэргэжлийг л сонгоно” гэж хэлжээ. Тухайн үед орон нутагт Төмөр замын техникумын хуваарь ирэхдээ ихэвчлэн  хүйс зааж ирдэг байсан бол тэр жил түүний сонгосон анги хүйс заагаагүй ирсэн учраас том завшаан болжээ. Ингээд тэр Төмөр замын техникумыг сантехникийн техникч мэргэжлээр 1990 онд төгсөөд, УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн Эрдэнэт хэсэгт томилогдож ЦТП-ийн машинчаар ажлын гараагаа эхэлжээ. Д.Хишигсүрэн энд ЦТП-ийн машинчнаар долоон жил ажиллаад хэсгийн механикчаар дэвшин өдгөө 28 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний ажилладаг Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн Эрдэнэт хэсэг бол барилга, орон сууцыг барьж, засварлахаас гадна Эрдэнэт өртөөний бүх айл өрх, аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж, цэвэр, бохир усыг татан зайлуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ хамт олны дунд Д.Хишигсүрэн 35 жил ажиллахдаа аливаа үүрэг даалгаврыг цаг алдалгүй бүрэн гүйцэд хийхийн төлөө шаргуу ажиллаж ирснийг хамт олон нь бахархан өгүүлж байлаа.

Д.Хишигсүрэн Эрдэнэтээс ажлын гараагаа эхэлж, амьдралын ханьтайгаа энд л учирсан болохоор эндээс холдох дургүй. Тэгээд ч Эрдэнэт хот түүний төрж, өссөн нутгаас холгүй учраас сэтгэлд нэг л өег байдаг гэнэ. Д.Хишигсүрэн ажилд ороод гурван жилийн дараа насны хань Чулууны Нямдоржтой учирчээ. Ч.Нямдорж махны хөргөлтийн техникч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг ажээ.Тэднийх нэг хүүтэй. Хүү нь  Төмөр замын дээд сургуулийг төгссөн, вагоны инженер мэргэжилтэй ажээ. Тэрбээр нэг хэсэг Дархан зангилааны Техник үзлэгийн газарт вагоны үзэгчээр ажиллаж байгаад бусдын жишгээр одоо Солонгос улсад ажиллаж, амьдрахаар явсан гэнэ.

“Миний анхны багш Энэбиш гээд залуу байлаа. Одоо би хоёр шавьтай. Тэдэндээ УБТЗ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаад дүрэм, журмаа нягт баримтлаад ажиллаад байвал амжилт бүтээл гаргах сайхан байгууллага шүү гэж хэлдэг. Манай хамт олон үе үеийн ахмадуудынхаа үйл хэргийг тасралтгүй, нэр төртэй үргэлжлүүлж байдагт би талархаж явдаг. Би УБТЗ хэмээх сайхан байгууллагын 16 мянган ажилтны нэг эд эс нь болж, амжилттай сайхан ажиллаж байгаадаа баяртай байна. Бас мэргэжлээрээ, УБТЗ-аараа бахархаж байна” гэж Д.Хишигсүрэн хэллээ.

Д.Хишигсүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль,  “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдарцол тэмдгээр шагнасны зэрэгцээ байгууллагын аваргаар шалгаруулж байжээ.

 

Г.Энхбаатар 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 4 сарын өмнө
Би эрдэнэтийнх