Нүүр УБТЗ ХНН Галт тэрэг солилцоо хэвийн байна
УБТЗ ХНН

Галт тэрэг солилцоо хэвийн байна

G.Press 11 сарын өмнө 145 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

                     Замын долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. Өмнөх долоо хоногт нь хөдөлгөөний аюулгүй байдлаар гологдолгүй байсан бол 22 дахь долоо хоногт хоёр гологдолтой ажиллав. Найман дутагдал гаргаж өмнөх долоо хоногоос зургаагаар бууруулсан үзүүлэлттэй байна. Гарсан гологдлыг аваад үзвэл Дархан-1 өртөөний ТЭМ2-1238 илчит тэрэгтэй сэлгээ салбар замд таван вагон тавихаар 1221 дүгээр км-ийн гарам нэвтрэх үед автомашин урдуур нь дайрч мөргүүлжээ. Мөн Улаанбаатар өртөөний “Материал импекс”-ийн салбар замд хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан байна. Дутагдлын хувьд зүтгүүр эвдэрсэн дөрөв, диспетчерийн холбоо тасарсан, зүтгүүрийн БАБС ажилласан тус бүр нэг, бусдаас буюу гадны шалтгаантай хоёр бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны эхний таван сард гологдол 29 гарч байсан бол энэ оны мөн хугацаанд 22 гарч, долоон нэгжээр бууруулжээ. Мөн дутагдал өмнөх оны эхний таван сард 313 гарч байсан бол энэ онд 255 болж буурсан байна. Тээврийн хяналтын албаны дарга “Энэ онд хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан, зам дээр эд анги унасан, хос дугуй гацсан, хориглосон дохио өнгөрсөн зэрэг дутагдал нэмэгдэж байгаа”-г анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногт 100 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлт бөгөөд зургаан радио галт тэргийг мөрдүүлж аялуулжээ.

Оны эхнээс тавдугаар сарын 31-нийг дуустал 13 сая 406.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 95.4 хувийн биелэлттэй байна. Энэ хугацаанд 9508.2 мянган тонн ачиж 93.7 хувиар биелжээ. 22 дугаар долоо хоногийн хувьд орон нутаг 190900, транзит 117300, экспорт 218100, импорт 79000, нийт 605300 тонн ачаа ачжээ. План гэрээтэй ажилладаг “Багануур” ХК, “Шивээ-Овоо”, “Шарын гол” ХК, Эрдэнэт үйлдвэр энэ сарын 31-ний байдлаар бүгд төлөвлөгөөг давуулсан байна.

Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 4934 вагон буулгасан буюу хоногт дунджаар 637 вагон дутуу буулгажээ. Тавдугаар сарын 1-29 хүртэл аваад үзвэл 24389 вагон буулгасан буюу төлөвлөгөө 85.2 хувиар биелсэн байна.

Хэсгийн хурд 39 км/цагийн төлөвлөгөөг 39.64 км/цагаар биелүүлэн +0.64 км/цагаар, өнгөрсөн долоо хоногоос +0.23 км/цагаар тус тус хурдассан байна. Өнгөрсөн долоо хоногт зурмагийн тасалдлаас шалтгаалсан 16 галт тэрэг 1128 минут зогсож, хэсгийн хурдыг 0.23 км/цагаар удаашруулжээ.

Галт тэрэгний дундаж жин өнгөрсөн долоо хоногт 3336.75 тонн болж, төлөвлөгөөнөөс +136.75, өмнөх долоо хоногоос +53.53 тонноор тонноор илүү байна.

Зүтгүүрийн бүтээмжийн хувьд тайлант долоо хоногт 1470 мянган бохир тонн/км-ийн төлөвлөгөөтэй ажилласан бол 1522.86 мянган бохир тонн/км-ээр биелүүлж, давуулан биелүүлжээ.

Галт тэрэг солилцоо өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 112 галт тэрэг /703 вагон/ хүлээн авч, 111 галт тэрэг /712 вагон/ хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж солилцоо 15.8-16 галт тэрэг болж, өмнөх долоо хоногтой ижил түвшинд байна. Нарийн царигаар 56 галт тэрэг /423.7 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /433.1 вагон/ хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж солилцоо найман галт тэрэг болж байгаа аж. Сүхбаатар-Наушкиар 52 галт тэрэг /344.5 вагон/ хүлээн авсан нь өмнөх долоо хоногоос зургаан галт тэргээр илүү, хоногийн дундаж нь 7.4 байна. Харин 58 галт тэрэг /351.2 вагон/ хүлээлгэн өгсөн нь өмнөх долоо хоногоос нэг галт тэргээр илүү, хоногийн дундаж нь 8.2 галт тэрэг болжээ.

Тайлант хугацаанд чингэлгийн 80 галт тэрэг аялсан байна. Оны эхнээс чингэлгийн нийт 1464 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 201 галт тэргээр илүү байна.

Одоогийн байдлаар транзит чингэлгийн хуримтлал 1150 болж буурчээ.

Зам шинэчлэлтийн ажил зам төмөр тасалдсанаас зогсох шатандаа орсон байна. Тиймээс зам төмөр яаралтай ирүүлэх ажил зохион байгуулахыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны даргад үүрэг болголоо.

Мөн Замын-Үүдийн кабель, гэрэлтүүлгийг шинэчлэх төсөв батлагдсан ч Төлөвлөгөө эдийн засгийн албанаас зөвшөөрөл өгөхгүйгээс тендер зарлагдаагүй, ажил удаашрахаар байгааг Замын ерөнхий инженер хэлэв. Харин энэ ажил хэчнээн төлөвлөгөөтэй, төсөв батлагдсан ч зайлшгүй нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил мөн эсэхийг тодорхой танилцуулах үүргийг өглөө. Өөрөөр хэлбэл, нэн шаардлагатай ажлуудыг хийж, ойрын хугацаанд шаардлагагүй ажлыг хойшлуулаад буйн онцоллоо.

Хурлын төгсгөлд Замын дарга дараах үүргийг өглөө. Үүнд, Улаанбаатар татах хэсгийн цахилгаан машины цехийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, зүтгүүрийн хоногийн паркийг 56 илчит тэргэнд хүргэж ажиллах, Ил тод байдлын тухай хуулийн дагуу албад мэдээллээ энэ сард багтаан УБТЗ-ын цахим сайтад байршуулах, Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд албадаас хийх ажлын санал авч нэгтгэх, Энэ жил олон жилийн дунджаас илүү хур тунадас орохоор байгаатай холбоотой урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах, мөн цалин хөлс, урамшууллыг тал бүрээр нь нэмж буйгаа алба, салбар нэгжийн удирдлагууд төмөр замчдад тодорхой ойлгуулан танилцуулж байх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өглөө.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.