Монгол Улс оны эхний есөн сард 8.6 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо

Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний есөн сард 20.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тайлант хугацаанд экспортын хэмжээ 4.3 хувиар өсөж, худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Оны эхний есөн сард 11.7 тэрбум ам.долларын экспорт хийснээс малын мах, дайвар бүтээгдэхүүн, ямааны угаасан ноолуур болон боловсруулаагүй нефтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.3-12 хувиар буурчээ.

Харин экспортын 56.5 хувийг чулуун нүүрс бүрдүүлсэн байна. Нийт 59.1 сая тонн буюу 6.6 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өссөн дүн боллоо. Харин зэсийн баяжмал гурван хувиар, төмрийн хүдэр 28.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хилийн боомтуудын дэд бүтэц сайжирч, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих үйл ажиллагааг өргөтгөснөөр нүүрсний экспорт нэмэгдэж, оны эцэст экспортын нийт дүн 16.7 тэрбум ам.доллар хүрэх тооцоог Сангийн яам гаргаад байгаа юм. Харин 2025 онд экспортын орлого 19 тэрбум ам.доллар хүрнэ гэж ирэх төсвийн төсөлд тусгаад байна.

Нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд 8.6 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар өссөн үзүүлэлт болов. Гол нэрийн барааны үзүүлэлтийг харвал автобензин болон дизель түлш өмнөх оны мөн үеэс 15-20 хувиар өсжээ. Мөн нийт импортын 10 орчим хувийг бүрдүүлж буй суудлын автомашины тоо 2023 оны мөн үеэс 40.3 мянгаар нэмэгдсэн байна. Хүнсний бүтээгдэхүүнээс улаан буудай болон гурил, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний ногооны импорт өссөн бол цагаан будаа өндөгнийх буурсан аж.