Уул уурхай, олборлолтын салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалт II улирлын байдлаар нэг тэрбум долларт хүрчээ

 

 

Уул уурхайн салбараас оны эхний хагас жилд 6.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байна

2024 оны II улирлын байдлаар уул уурхай олборлолтын салбарын хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 351 сая ам.доллароор өссөнийг Монголбанкны мэдээллээс харж болохоор байна.

Уул уурхайн салбар оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар тэлж, эдийн засгийн өсөлтийн 1.8 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүнд нүүрс болон төмрийн хүдрийн олборлолт 36-47 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Сангийн яам мэдээлж байсан юм. Тухайлбал: нүүрсний олборлолт оны эхний хагаст 47.8 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгджээ. 

Уул уурхайн салбараас оны эхний хагас жилд 6.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулсан зэрэг хүчин зүйлс үүнд нөлөөлснийг тайланд дурджээ.

Энэ онд нүүрсний экспортыг түүхэн дээд хэмжээнд буюу 78.1 сая тонн хүргэхийг зорьж байгаа бөгөөд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого оны эцэст ес орчим их наяд төгрөг хүрнэ гэж тооцоолж байна.

Уул уурхайн салбараас төлсөн татварын төсвийн орлогод эзлэх хувь 2014 оноос хойш тасралтгүй өсөж, 2023 онд төсвийн орлогын 31.3 хувийг дангаар бүрдүүлжээ. Үүний 50 гаруй хувийг АМНАТ бүрдүүлсэн байна.