Нүүр Бүтээн байгуулалт Эвлэсэн чулуу бэхэлсэн зам гэдэг энэ буюу
Бүтээн байгуулалт

Эвлэсэн чулуу бэхэлсэн зам гэдэг энэ буюу

G.Press 18 цагийн өмнө 62 үзэлт 0 сэтгэгдэл

Далан далнаар замаа бэхэлсэн заяа минь

Жаран жарнаар заяагаа дуудсан Олон-Овоо минь

Даанч холоос зурайсан хос мөнгөн жирээ минь

Жаргал даллан хурдлах галт тэрэг минь

Нар хур тэгширсэн налгар намрын тунгалаг өдрүүдэд УБТЗ-ын Чулуун заводын 70 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө.  Их ойн баярт оролцохоор хол ойрын зочин гийчин их иржээ. Тэдний дунд үе, үеийн ахмадууд, УБТЗ-ын удирдлагууд болон Зам алба, ангийн удирдлагууд гээд олон зочид байлаа. Дуу алдан тэврэлдэн уулзах хүмүүсийн халуун дулаан сэтгэл улиран одсон он цагийн дурсамжийг эрхгүй сэргээж байх шиг санагдана.

УБТЗ-ын Чулуун завод нь 1956 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багт буюу төмөр замын 718 дугаар км-т анх Щебень үйлдвэр гэсэн нэртэйгээр байгуулагдаж, замын их болон дунд засварт шаардлагатай буталмал чулууг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй билээ.

Их ойн баярын хурлыг нээж УБТЗ-ын Чулуун заводын дарга Н.Отгонбаатар хэлсэн үгэндээ “УБТЗ-ын Чулуун завод 1956 онд байгуулагдаж түүхийн хугацаагаа нээснээс хойш өдгөө 70 жилийг бүтээжээ. Энэ хугацаанд УБТЗ-ын гол замыг шинэчлэн сайжруулах, замын их, дунд, урсгал засварын ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төмөр замын бодлогыг тууштай дэмжиж томоохон бүтээн байгуулалтад түүчээлэн оролцож ирлээ. Тухайлбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км зам, Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн зам, Алтан ширээгийн Нефть боловсруулах үйлдвэрийн зам зэрэг томоохон бүтээн байгуулалтад манай хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл орсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо гэж буйдхан тосгонд улс орны ирээдүйг холбосон төмөр замын их урсгалыг барьж байгуулах, бэхжүүлэх, сайжруулах бүхий л үйл ажиллагаанд нутгийн минь чулуу бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, ажилсаг хичээнгүй хамт олны минь нөр их хөдөлмөрийн үр шимээр хөгжил дэвшилд урагшлан тэмүүлсээр байна. Манайхан төлөвлөгөөгөө ямагт 100-аас дээш хувь биелүүлдэг хүчирхэг эв нэгдэлтэй хамт олон билээ. Манай байгууллага өнөөдөр олон улсын ISO 45001, ISO 9001, ISO 14001 гэрчилгээг эзэмшигч уул уурхайн түүчээлэгч байгууллагын нэг болжээ. Амжилт бүтээл дүүрэн түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэх энэ өндөр босгон дээрээс эргэн дурсахад манай байгууллагын үе үеийн удирдлага, үе үеийн ажилтнууд, манлайлан хөгжүүлж ирсэн олон хүмүүсийг дурдахгүй байхын аргагүй. Манай үйлдвэрийн даргаар тасралтгүй 17 жил ажилласан Б.Бат-Өлзий агсан, үйлдвэрийн дарга, үйлдвэрийн мастер Ц.Дондог, үйлдвэрийн ерөнхий инженер, үйлдвэрийн мастер Ө.Чүлтэм, үйлдвэрийн дарга Л.Доржсүрэн, үйлдвэрийн даргаар тасралтгүй есөн жил ажилласан Д.Эрдэнэсайхан зэрэг олон сайчуудыг нэрлэж болно.Түүнчлэн ажлын хүндийг нугалж, жилийн дөрвөн улирлын аль ч цаг үед мятаршгүй зүтгэж УБТЗ-ын өмнө тавьсан зорилт зорилтыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон сайчууд манайд ажиллаж байлаа. Үүний дотор УБТЗ-ын мэргэжлийн аварга Ч.Сэргэлэнцогт, Б.Баясгалан, Ц.Баярсайхан шилдэг дарга Д.Эрдэнэсайхан, ерөнхий нягтлан бодогч Ц.Цэвэлмаа ерөнхий нягтлан бодогч О.Сувдмаа, ерөнхий механик Б.Бат-Амгалан зэрэг олон сайчуудыг нэрлэж байна.

Бид түүхт ойгоо угтан үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг 116 хувиар давуулан биелүүлж 2026 оны замын их засварын ажлыг тасралтгүй хийж гүйцэтгэсээр байна. Ойн хүрээнд хийх ажлынхөө төлөвлөгөө гарган ажиллаж 100-аас дээш хувиар гүйцэтгэж, цех тасгуудын ажлын байрны нөхцөлийг сайжруулж, ХАБЭА-н эрсдэлийг бууруулж, машин механизм тоног төхөөрөмжийн их засвар, урсгал засварын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэлээ.

Орон нутгийн засаг захиргаатай хамтран төмөр замчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх Соёлын өргөөг түүхт ойдоо зориулан бүтээн байгууллаа. Түүхт далан жилийнхээ өндөр босгон дээр шинэ үе, шинэ залуучуудын бүтээх урам зориг Олон-Овоо-1 ордоос Олон-Овоо-2 орд руу шилжсэн түүхэн замналын гэрч болон үлдэж байна. Бид Олон-Овоо-2 ордод 2020 оноос эхлэн өрөмдлөг тэсэлгээний ажлыг явуулж, 2025 онд Олон-Овоо-2 ордод анхны шинэ бутлах шугамыг суурилуулснаар шинэ Чулуун завод маань Олон-Овоо 2-ын үйлдвэрлэл ТЭЗҮ-ийн дагуу бүрэн хүчин чадлаараа ашиглах эхлэл тавигдлаа. Цаашид бид ордоо бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахад бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

Манай хамт олны нөр их хичээнгүй хөдөлмөрч зан чанар цаашдын 100 жилд ч энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрснөөс өнөөдрийг бүтээсэн, өнөөдрөөс ирээдүйг бүтээх нийт хамт олондоо УБТЗ-ын түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.

Дараа нь УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр  “Чулуун заводын хамт олны түүх бол хүсэл тэмүүллийнхээ төлөө тасралтгүй 70 жилийн турш үнэнч, шударга хөдөлмөрлөсөн түүх юм. Цаг хугацааны уртад та бүхний бүтээсэн замналын үр дүнд өнөөдөр манай  Чулуун завод хайрга, дайрганы үйлдвэрлэлээрээ Монгол Улсын барилгын материалын салбарын тэргүүлэх үйлдвэрийн нэг болсонд бахархаж байна. Үйлдвэрийн. хөгжилд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хамтын үйл хэрэгт та бүхний оруулсан хувь нэмрийг бид үргэлж санан дурсаж явах болно. Өнөөдөр цэцэглэн хөгжиж буй үйлдвэрээ хараад бид өмнөх үеийнхний гаргасан бүх хүчин чармайлт талаар өнгөрөөгүйг харж байна. Бид уламжлалаа хадгалан шинэ технологи нэвтрүүлж цаашид урагш тэмүүлсээр байх болно” гэв.

Дараа нь УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт баяр хүргэж, үг хэлэхдээ “Өнөө өглөө энд ирэхэд цаанаа л сэтгэлд дотно санагдаж, хуучны олон дурсамж сэргэх шиг боллоо. Одоогоос 23 жилийн өмнө 22 настай байхдаа Олон-Овоо өртөөний даргаар томилогдон ирж байлаа. Энэ бол миний хамгийн анхны томилогдсон удирдах албан тушаал байсан. Намайг ирэхэд ажил амьдралын арвин баян туршлагатай ах эгч нар хүлээн авч, тэдний нөмөр нөөлөгт олон зүйлийг сурч мэдэж авсан даа. Чулуун заводын сайхан сэтгэлт хамт олонтой богинохон хугацаанд хамтран ажиллахдаа чамгүй олон ажлыг амжуулжээ. Бид өртөөний замуудыг уртасгаж, сунгасан, салбар замын ачилтыг зохион байгуулсан, өртөөний барилгыг өргөтгөх ажлыг хийж байсан.  Өөр хаана ч байхгүй өв соёл Олон-Овоонд бий” гээд ажиллаж байсан үеийнхээ халуун дурсамжаас хуваалцлаа. Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Та бүхний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон Эрдэнэт, Дархан, Багануур, Бор-Өндөр, Багахангайн бүтээн байгуулалт сүндэрлэж, төмөр зам, зам өртөө, зөрлөг, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд хүний амьдрах орчныг бүхэлд нь цогцоор хийж бүтээсэн түүхтэй. Энэ их түүхийн эзэд болж, УБТЗ-ыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цол хүртэхэд гайхалтай хүчин зүтгэл оруулсан бүх ахмадууд, бүх ажилтнууддаа баярын мэнд хүргэе” гэв.

Баярын хуралд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын дарга Э.Сүхбаатар оролцож үг хэлэхдээ УБТЗ-ын Чулуун заводын түүхэн замнал нь улс эх орны хөгжилд төдийгүй сум, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд энэ их ойг тохиолдуулан Даланжаргалан сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын тогтоолоор УБТЗ-ын Чулуун заводыг Бэгзийн Бат-Өлзийн нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг сонордууллаа. Хуралд оролцогчид энэ мэдээг сонсоод бүгд суудлаасаа босож, нижигнэтэл алга ташин угтан авлаа. Бэгзийн Бат-Өлзий агсан нь 1992-2008 онуудад Чулуун заводод даргаар тасралтгүй 16 жил ажиллажээ. Тэрбээр үйл ажиллагаа нь эрс доголдоод байсан үйлдвэрийг хүлээн авч, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг эхлүүлж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, заводыг цаашид төмөр замын бүтээн байгуулалт, их засвар, ашиглалтын хэрэгцээг найдвартай хангах бааз суурь хэвээр үлдээж, дараагийн шинэчлэл, хөгжлийн эх суурийг тавьсан хүн хэмээн хамт олон нь хүндэтгэн дурсаж, ийнхүү нэрэмжит байгууллага болсондоо баяртай байна. 

Амжилт бүтээлээрээ бахархсан хамт олны ойн баярт Замын аж ахуйн албаны 9 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага оролцож, баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Замын аж ахуйн албаны дарга, гавьяат тээвэрчин З.Отгонтөр хэлэхдээ “Төмөр замын бүтээн байгуулалтын суурь болсон чанартай, буталмал чулууны үйлдвэрлэл, хангалт нь төмөр замын дэд бүтцийг олон арван жил найдвартай ашиглах үндэс болж байна. УБТЗ-д гол болон салбар зам, өртөөний замд нийт 2.9 сая дэр байна. Үүний 2.1 сая нь төмөр бетон дэр юм.  Чулуун завод маань төмөр бетон дэрний дүүргэгч материал буюу хайрга дайргыг нийлүүлдэг. Нэг төмөр бетон дэр ойролцоогоор 270 кг жинтэй байдаг. Үүний орцны 135 кг нь хайрга дайрга буюу шибүр байдаг. Ингээд тооцоод үзэхэд 2.1 сая ширхэг төмөр бетон дэр үйлдвэрлэхэд 350 мянган шоо метр хайрга дайрга буюу шибүрийг Чулуун завод маань нийлүүлсэн байна. Бид нийт замаа төмөр бетон рүү шилжүүлэх ажлыг хийж байгаа. УБТЗ-ын нийт гол замын урт 1115 км байдаг. Үүний 81 км нь одоогоор модон дэртэй байгаа” гэв. Энэ бол Чулуун заводын үүрэг, ач холбогдлыг цөөн үгээр дүгнэсэн үг байлаа.

УБТЗ-ын Чулуун заводын 70 жилийн ойн баяр наадам үндэсний бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, шагайн болон сурын харваагаар үргэлжилж, наадамчин олноо баясган цэнгүүллээ.

Орой нь хүндэтгэлийн хүлээн авалтад зочин гийчдээ урьж, элбэг дүүрэн ширээний ард халуун дотно яриа өрнүүлж, дуу хөгжмийн аялгуунд сэтгэлийн алжаалаа тайлцгаалаа. Энэ бүх баярын хурал, наадмын нээлт, хүлээн авалт, ёслолын үйл ажиллагааг Чулуун заводын ХАБЭА-н инженер Э.Энхпүрэв хөтлөн явуулж, завсраар нь өөрийнхөө ая дууны мэндчилгээг хүргэж байсан нь цугласан олны талархлыг хүлээв. Ер нь Чулуун заводынхан бүгдээрээ урлаг, уран сайхны авьяастай улсууд юм байна. Ойн хүрээний урлаг, соёлын үйл ажиллагааг зөвхөн өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан бэлтгэжээ. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэгчлэн тайзан дээр гарвал бүгд л дуулж хуурдах шинжтэй.

Хүндэтгэлийн хүлээн авалтийн төгсгөлд Чулуун заводын дарга Н.Отгонбаатар “Би дуулах дуртай, би цэнгэх дуртай, би ярих дуртай, би хүнээр ажил хийлгэх бүүр их дуртай” гэж хэлэхэд цугласан олон нирхийтэл инээлдэв. Дараа нь тэр залгуулаад доргитол хэдэн сайхан дуугаа угсруулан хадаалаа.

Ийнхүү баярласан олны талархсан сэтгэл бялхсан, элбэг дэлбэг, эвтэй, цэнгэлтэй сайхан баяр болж өнгөрлөө.

Ээлжийн ажил цаана нь үргэлжилсээр л . . . Дөнгөж ээлжнээсээ буугаад хоромхон зуур хувцсаа солиод тайзан дээр гарсан залуусын цоглог дуу буйдхан тосгонд шөнөжин цангинаж хонолоо.   

“Эвлэсэн чулуу бэхэлсэн зам” гэдэг энэ буюу.

 

Г.Энхбаатар

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.