Нүүр Гэгээн анир Есөн цагаан хүсэл нь биелэх болтугай!
Гэгээн анир

Есөн цагаан хүсэл нь биелэх болтугай!

G.Press 1 жилийн өмнө 224 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монголчууд бид "Юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай" гэж ерөөдөг.

Тэгвэл есөн цагаан хүсэл гэж юу вэ.

 

 ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ

 

Эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхлэхэд л энэ хүсэл эсэнд нь шингэдэг. Эх "үр минь эрүүл төрөөсэй" гэж хүснэ. Ураг ч эд эсээрээ эрүүлийг хүсдэг гэдэг. Энэ хүсэл ураг болон бүрэлдэхээс эхлээд үхэх хүртэл үргэлжлэх хүсэл. Өвдсөн хүн эрүүл болохын төлөө бүхнээ өгөхийг хүсэх тийм үнэтэй хүсэл.

 

ЭДИЙН ХҮСЭЛ

 

Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүснэ. Гэхдээ л өвдсөн хүнд орон байр, унах унаа, тансаг хоол, үнэтэй хувцас байгаад ч нэмэргүй. Тэгэхээр эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ. Эрүүл энхийн хүсэл дээр эдийн хүсэл суурилна.

 

ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ

 

Яагаад гэж шулганан асуух үеэс танин мэдэхүйн хүсэл тархинд асдаг. Яагаад хоол идэх ёстой, яагаад дулаан хувцаслах ёстой, яагаад юм сурах ёстой юм, яавал эрүүл байх вэ, эдийг яаж бүтээх вэ гээд л өөрийн хүслээ өөрөө хангахад суралцана. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй. Танин мэдэхүйд тэмүүлэхгүй, хүсэл үгүй бол ирээдүйн төсөөлөлгүй, төлөвлөгөөгүй, идэх уухаас хэтрэхгүй амьтан төдий л байна гэсэн үг. Эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл дээр энэ хүсэл суурилна. Энэ гурав хувь хүний хүсэл юм. Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.

 

 ХАМТРАХЫН ХҮСЭЛ

 

Эхний гурван хүслээс улбаатай. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ үхэн үхтэл үргэлжилнэ. Эхний гурван хүслээ дүүргээгүй хүнд энэ хүсэл биелэх нь юу л бол. Хэрэв үргэлж өвчин зовлон ярьж, бусдаас байнга тусламж хүсэж, дээрээс нь мэдэх чадах юм юу ч үгүй бол хүмүүс зай барьдаг нь үнэн. Дэм дэмэндээ гэж, бусдыг дэмнэх чадалтай байж л анд найзтай болно. Багаас нь хамтруулж сургадгаас өрсөлдүүлж сургадаггүй байсан нь энэ хүсэл дүүрэхийн эхлэл юм.

 

ХАНИЙН ХҮСЭЛ

 

Хамтрахын хүслээс урган гарна. Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хамтарч сураагүй хүн хань болж чадахгүй. Авахаасаа илүүг өгөх шаардлага ханийн хүслээ дүүргэхэд чухал. Аваа, өгөөг тэнцүүлж явдаг андын нөхөрлөлтэй адилгүй нь энэ. Нэг нь өгөөд л нөгөө нь аваад л байдаг бол айл болж чадахгүй, нэг нь давраад л нөгөө нь уучлаад л явдаг бол амьдрал утгагүй. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь.

 

ҮРИЙН ХҮСЭЛ

 

Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ. Хань хүсээгуй хүн үр хүсэхгүй. Гэрлэх гээгүй бол хүүхэдтэй болохоо болих хэрэгтэй. Нялх үрийг "хүсээгүй хүүхэд" гэж үрийн заяаг гомдоож, хүний тавиланг доройтуулж болохгүй.

Хэдий хүсээгүй ч эхийн сэтгэл зөөлөрдөг бол эрийн сэтгэл зөөлөрдөггүй. Учир нь тэр хүсээгүй. Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг.

Эдгээр гурван хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Нэг хүнтэй найзлахыг хүсэвч нөгөөх нь хүсэхгүй бол бүтэхгүй, нэг хүнийг хайрлавч нөгөөх нь хайрлахгүй бол бүтэхгүй, үртэй болохыг хүсэвч хань үгүй бол бүтэхгүй.

Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр гурван хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.

 

ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ

 

Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл. Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалт, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд хариуцлага чухал. Энэ биеэ хариуцаж чадахгүй бол бусдын үгээр явахаас аргагүй. Эд хөрөнгөө хариуцаж чадахгүй бол бусдын идэш болно.

Сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ хариуцаж түгээж байж эзэн эрхээ эдлэхээс хаяж гээгээд явбал булаах хүн гарч ирнэ. Андын харилцаанд хариуцлагагүй бол найз нөхөргүй. Амраг ханиа хариуцаж чадахгүй бол алдана. Үр хүүхдээ хариуцаж чадахгүй бол ижий аав гэгдэх эрхгүй. Хариуцаж чадаж байж эзэн эрхийн хүслээ дүүргэнэ. Эзэн байна гэдэг өмчлөхийн нэр биш, харин хариуцаж, хамгаалж, оршоож чадаж байж л эзэн гэгдэнэ. Зургаан хүслээ дүүргэж бараагүй, хариуцаж оршоогоогүй хэнд ч эзэн эрх олгогдохгүй нь үнэн.

 

ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ

 

Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл. Нийтээрээ биеэ засаад гэрээ засчихвал атаархал хорсол, хулгай дээрэм, аллага хүчирхийлэл гарахгүй ЭНХ АМГАЛАН ноёлно. Энх амгаланг хуссэн хүмүүс нь өөрийн нутгаас дайжиж, өөр сайхан газар очлоо гэхэд эзэн эрхийн хүсэл дундарна. Тиймээс л эзэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тэр л газартаа энх амгаланг цогцлоохыг хүснэ. Энх амгалан үгүй бол бүтээсэн бүхэн, өөрөө ч хормын төдийд үгүй болох магадлал өндөр. Дашрамд хэлэхэд, биеийн зовлонгүй амьдралыг амар амьдрал, сэтгэлийн зовлонгүй амьдралыг амгалан амьдрал гэдэг байж. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг ард түмэн.

 

МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ

 

Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэм мэдлэгтэй, олон түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм. Энэ бол Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, үзэл санааны үндэс юм. Амьдрал мөнх орших боломжтой гэж үзэж, мөнх оршоохын тулд яах ёстойгоо томъёолсон нь Тэнгэр үзэл юм.

Амьдрал яг цаг хугацаа шиг төгсгөлтэй эсэх нь үл мэдэгдэнэ. 1 цаг эхлээд 60 минут яваад дуусахад цаг зогсдоггүй шиг нэг хүн төрөөд, амьдраад, одоход амьдрал зогсохгүй үргэлжилдэг нь үнэн. Өөрийгөө бодвол амьдрал нэг л өдөр дуусна. Харин бүхнийг бодвол амьдрал хэзээ дуусах нь үл мэдэгдэнэ. Эндээс хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ. Өөрийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасай гэж хүснэ.

Энэ гурван хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм. Иргэд нь эзэн эрхтэй, энх амгалан амьдралтай, энэ нь мөнхөд үргэлжлэх эсэх нь төрийн бодлогоос хамаарна. Төр үгүй бол энэ хүсэл биелэхгүй.

Эзэн эрхийг төр л баталгаажуулдаг. Эзэн эрхийг төр батлахад шударга ёс яригдана. Энх амгаланг төр тогтоодог. Зөвийг тэтгэн түгээж, бурууг цаазлан хорьж байж энх амгалан тогтоно. Зөв бурууг төр тогтоосон цагт нийтийн зөрчил үгүй болдог. Төр түүнийг тогтоогоогүй цагт хүн бүрийн зөв буруу зөрчилдөж, энх амгалан үгүй болдог. Төр мөнх орших чадамжтай тул мөнх оршихуйг төр л хариуцдаг. Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн гурван хүслийг дүүргэхийг эрмэлздэг.

Эдгээр гурван хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ.

Хамгийн эхний хүсэл төрөхөөс өмнө эхэлсэн бол хамгийн сүүлийн хүсэл үхсэний дараа ч үргэлжилнэ.

Эцэг өвгөд минь эдгээр хүслийн зүй тогтлыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын есөн нүдээр билэгдэн, юу санасан есөн цагаан хүсэл нь дүүрэн байх болтухай гэж ерөөл өргөн үлдээжээ.

Хурай, хурай, хурай!

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.