Гудамж талбай хөл хөдөлгөөнд орж, шинэхэн дүрэмт хувцсаар ижилдэн гоёж, цэцэг тэвэрсэн багачууд бужигнана. Нийслэл хотод хүүхдийн цовоо дуу хангинан, өнөөдөр л амь орсон мэт есдүгээр сарын 1-ний өглөөг эхлүүллээ.
Цэцэрлэгт хамрагдах хүүхэд цөөрч даац хэтрэх нь эрс буурсан
УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүд 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр хийлээ. Тухайлбал “Найрамдал” 180 дугаар цэцэрлэгийн 12 бүлэгт 450 хүүхэд энэ хичээлийн жилд суралцана. Энэ жил хоёр настай бага бүлгийн хоёр ангид 60-аад хүүхэд, гурван настай шинэ бүлэгт 30-аад хүүхэд шинээр элсэн оржээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Осоржамаа цэцэрлэгийнхээ талаар, ”Энэ хичээлийн жилийн онцлог гэвэл бид шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Энэ хөтөлбөр нь Монгол улсын боловсролын салбар дахь хамгийн бяцхан суралцагчдадаа зориулсан ес дэх сургалтын хөтөлбөр юм. Шинэ мянганы хүүхдэд зориулагдсан хамгийн уян хатан эрэлт хэрэгцээтэй сургалт энэ жилээс хэрэгжихээр бэлтгэгдээд байна. Цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөрүүд байнга шинэчлэгддэг. Энэ нь альфа бета үеийнхэнд зориулагдсан цахим технологийн дэвшилттэй хослуулсан сургалт юм. Тус хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байна” гэв.
Жил бүхэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо хэтэрч, нэг ангид ачаалал их байдаг байсан бол 2022 онд Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хүртээмжийг сайжруулах Засгийн газрын тогтоол гарч тус тогтоолын хэрэгжилт маш сайн явж байгаа аж. Энэ жил гэхэд “Найрамдал” цэцэрлэг ноднингийнхоос 100-аад хүүхдээр цөөн, элсэн орж байгаа хүүхдүүд хэвийн, даац хэтэрсэн зүйлгүй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Хоёр бага бүлэгт нийт 60 хүүхэд гэхээр нэг ангид 30 хүүхэдтэй л байгаа ажээ. Дундаж ирц 24-25 гэхээр өмнөх жилүүдээс багш нарын ачаалал багассан гэсэн үг. “Найрамдал” цэцэрлэг өнгөрсөн жил 150 гаруй сургуулийн шинэ элсэгч бэлтгэн төгсгөсөн байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ч.Осоржамаа, “Төгсөгчид маань гайгүй өндөр оноогоор нэр хүндтэй сургуулиудад тэнцсэн. Улсын хэмжээнд багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр багшийн ажлыг дүгнэдэг. Үүгээр сургуульд бэлтгэх байдлын үнэлгээгээр дүүрэгтээ маш дээгүүр үнэлэгдсэн. Энэ нь манай цэцэрлэг болоод багш нарын үнэлгээтэй холбоотой учраас бахархалтай байна” хэмээн ярьлаа.
Англи хэлний хичээлийг Филиппин багш заана
Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг тус сургуулийн захирал Ш.Арслан нээж хэлсэн үгэндээ “Суралцагч бүрийн тэгш оролцоо идэвхтэй суралцах үйлийг дэмжиж, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах замаар сурагчдынхаа мэдлэг чадвар, төлөвшилд бодит ахиц гаргах зорилтыг бид дэвшүүлж байна. Уудам сэтгэж, томоор мөрөөдөж, алсад зорих зорилгодоо итгэж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Боловсролын салбарын чанарын суурь нь сайн багш болон суралцах эрмэлзэлтэй суралцагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна. Сурагч та бүхний эрдмийн зам нь дардан байж, ирээдүйн оюунлаг хүчирхэг Монголын төлөө үйлс нь үргэлж мандан дэлгэрэх болтугай” хэмээн ерөөлөө.
Нийслэлийн ЕБ-ын 73 дугаар сургуульд ихэвчлэн УБТЗ-ын ажилчдын хүүхдүүд суралцдаг, шугам замын ажилчдын хүүхдүүд Хүүхдийн секторын харьяа дотуур байранд хамрагддаг. Энэхүү дотуур байр нь УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг. 73 дугаар сургууль нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдгийн хувьд тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд III хорооны Засаг дарга дарга Ю.Болормаа хичээлийн шинэ жилийн нээлтэд нь оролцсон юм. Баянгол дүүрэгт 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн өмчийн бус 54 сургуулийн 1656 бүлэгт 63248 хүүхэд суралцаж байна. Үүний дотроос III хорооны хэмжээнд төрийн өмчийн нэг сургуульд 2600 хүүхэд суралцаж байгаа нь тус сургууль юм. Баянгол дүүргээс 2024-2028 онд багшийн хөгжлийг дэмжих зорилгоор сургууль болон багшийг сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор “Баянгол боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 22 сургуулийн англи хэлний боловсролыг дэмжих хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуульд Филиппин улсаас англи хэлний мэргэжлийн багш нарыг урьж хичээл заалгуулахаар болсон байна. Үүнд 73 дугаар сургууль хамрагдаж сурагчид нь Филиппин багшаар англи хэлний хичээлээ заалгуулахаар болж байгаа юм. 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн улсын хэмжээнд III, IV дүгээр ангиас нь эхлэн англи хэлний хичээл орохоор болсон билээ. Үүгээр тогтохгүй БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгийн 381 байршилд хяналтын камер суурилуулах шаардлагатай болж, камержуулах ажил ид явж байна. Энд ч бас 73 дугаар сургууль хамрагдан ойр орчимдоо хяналтын камертай болж байгаа юм. Мөн дүүргээс XII ангийн сурагчдад зориулан 18 төрлийн дугуйлан секцийг үнэ төлбөргүй хичээллүүлэхээр болсон тул тус дугуйлан секцэд хамрагдахыг III хорооны Засаг дарга Ю.Болормаа уриаллаа.
