Уншигч та ажлын байрны 5S хөтөлбөр гэж сонссон, магадгүй хэрэгжүүлдэг байх. Саяхныг хүртэл энэ нь манайхны хувьд цоо шинэ үг хэллэг байлаа. Өнөөдөр бол 5S хөтөлбөр нь Япон улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны төрөл, салбараас үл хамааран ажлын байрны соёл, эмх цэгц, багийн ажиллагаа, аюулгүй ажиллагааг төлөвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор өдөр тутам хэрэгжүүлдэг таван алхамт арга барил гэдгийг хүн бүр мэддэг болжээ. Ялангуяа, төмөр замчдын ажлын байр илүү онцлогтой. Галт тэрэгний хөдөлгөөний секунд, минутаар хэмжигддэг зарчим илүүтэй үйлчилнэ гэсэн үг. Энэ хаврын Замын даргын үзлэгээр ХАБЭА-н албаны Эрүүл ахуйн хэлтсийн ажлын байрны тохижилт бусдад үлгэр болохуйц хэмээн сайшаагдсан билээ. Уг жлын эхлэл нь их энгийн. Тэд нэгэнтээ, УБТЗ-ын ажилтан бүрийг эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажилладгийн хувьд өөрсдөө үлгэр жишээ байх ёстойг хамт олон дундаа ярилцжээ. Энэ тухай тус хэлтсийн дарга С.Хонгорзул “Манай байгууллагаас гаргадаг акт, албан шаардлага, шинжилгээний дүнг авахаар салбар нэгжүүдээс олон хүн ирдэг. Тэр тоолонд бид өөрсдөө бусдад тавьж байгаа шаардлагадаа тэнцэхүйц байх ёстой гэх үүднээс тохижилтын ажлаа бид эхэлсэн. Манай байгууллагын байр 1994 оны тавдугаар сард ашиглалтад орсноос хойш эндээ тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд гадна талдаа засвар хийлгэхээр төлөвлөсөн ч санхүүжилтийн улмаас хойшилсоор энэ онд засвараа хийж дууссан. Өнгөрсөн өвөл дулаахан өвөлжлөө. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед манай хэлтсийн ажилтнууд олон цагаар, ачаалалтай ажилласан. Тэр үеэс л хамт олныхоо санаачилгаар цайны өрөөтэй болохыг зорьсон юм. Хэнд ямар давуу тал, ур чадвар байна гэдгийг харж, бүгдийг өөрсдийн гараар хийсэн” гэв. Цайны өрөөний хөшиг, ширээний бүтээлэг, сандлын углаа зэргийн материалыг өөрсдөө захаас сонгож аваад уран гартан Б.Эрдэнэсайхан ажлынхаа зав чөлөөгөөр урласан байна. Харин тавилгын хувьд зураг, хэмжээгээ гарган барилгын материалын захаас хавтангаа авч зүсүүлээд эрчүүд нь угсарчээ. Мөн актлагдсан сандалд булан төмөр баринзасаж, сэлбээд ашиглаж байгаа аж. Эрүүл мэнд талаасаа ч, мөнгө санхүүгийн хувьд ч хүн бүр өдөр болгон ресторан, цайны газрын хоол идэх боломж ховор шүү дээ. Тиймээс цайны болон илүү цагаар ажиллах үед уг өрөөндөө хоол, цайгаа хийх бүрэн боломжтой болжээ. Энэ оны нэгдүгээр улиралд сургалтын танхимаа тохижуулснаар зөрчил дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх болон аюул, эрсдлийг бууруулах мэргэжил арга зүйн зөвлөмж, чиглэсэн сургалтыг үе шаттайгаар явуулахад илүү тухтай болсон байна.Ялангуяа хүүхдийн, хүнсний, орчны болон вагоны эрүүл ахуй, халдвар судлал гэсэн чиглэлээр сургалтууд тогтмол зохион байгуулжээ. Үүнээс гадна хэлтсийн ажилтнуудынхаа давуу чанарыг олж, хүн бүрийг жигд хөгжүүлэхээр 14 хоногт нэг удаа, нэг ажилтан тодорхой сэдвээр сургалтыг хамт олондоо явуулдаг. Энэ сургалт нь ажил хэргийн биш амьдрал ахуйд өдөр тутамд хэрэг болохуйц, санаж сэрэхүйц агуулгатай байдаг гэнэ. Тухайлбал, хүүхдийн дээл баривч оёх, гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн сонгож, зөв хэрэглэх вэ, цагийн менежмент, санхүүгээ яаж зөв удирдаж, мөнгөн хуримтлал үүсгэх вэ гэх зэрэг олонсэдвээр ажилтнууд сургалт хийжээ. Өөрөөр хэлбэл, ажлаа хийнгээ бие биеэсээ суралцах боломжтой болсон байна. Эдгээр тохижилтын ажлын зардлыг өөрсдөө буюу ковидын үед ажилласан илүү цагийн мөнгө болон тухайн үед Замын захиргаанаас ажилтан бүрийг шагнасан зэрэг санхүүгийн эх үүсвэрээс гаргасан аж. Хэлтсийн ажилтнууд чөлөөт цагаараа ширээний теннис, дартсын спортоор хичээллэдэг. Дартсын самбарыг Удирдах газрын ҮЭ-ийн хорооноос авч өгсөн бөгөөд Улаан загалмайн хороотой ч хамтран ажилладгаа тэд ярьсан юм.
Тус хэлтсийн хамт олон жилд хоёр удаа аялал зохион байгуулж хэвшжээ. Өнөө жилийн аяллаа энэ сард Сэлэнгэ аймгийг зорихоор төлөвлөсөн байна. Түүнчлэн, дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ. Ххэн нэг нь гэртээ засвар хийх, эсвэл зусландаа мод тарихад хамт олноороо тусалдаг аж. Мөн тохижуулсан ажлын байрныхаа өнгө зүсийг улам сайжруулахаар ажилтан бүр өрөө тасалгаандаа 1-2 цэцэг тарьжээ. Тэд тарьсан цэцгээ арчилна, усална, түүнийгээ харж сэтгэл баясахын зэрэгцээ агаар цэвэрших зэрэг олон талын ач холбогдолтой юм. Нэгэнт тохижуулсан ажлын байрандаа эмх цэгцийээс гадна цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр баримтлах шаардлагыг тавьдаг байна. Байгууллага орон тооны нэг үйлчлэгчтэй. Гэхдээ 7-14 хоногт хамт олноороо их цэвэрлэгээг хуваарийн дагуу хийдэг.Уг цэвэрлэгээний гадна дарга үлдээд, ажилтан л хийнэ гэсэн ойлголтгүй. Яг хуваарийн дагуу бүх хүн хариуцсан талбайнхаа ариун цэвэр болон бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлнэ. Тэрхүү хуваарьт аль ажлыг яаж хийх вэ гэсэн аргачлалыг нь зааж өгчээ. “Цэвэрлэгээ хийгээрэй” гээд орхилгүй ажлаа тодорхой хуваарилсан нь ямар нэгэн төвөг чирэгдэл гарахгүй. Жишээ нь , “Бүх сандлын бүрээсийг сард нэг удаа угаана” гэдгийг хэн хүнээр хэлүүлэлтгүй хариуцсан нь гүйцэтгэчихнэ. Үүнээс гадна, ХАБЭА-н гурван шатны үзлэгийн журмын дагуу эхний шатны үзлэгийг ажилтан өглөө эртлэн нэг бүрчлэн хийгээд 09.00 цагт бүгд тойрч зогсоод үзлэгээр илэрсэн алдаа дутагдлыг хэн, ямар хугацаанд, хэрхэн арилгах талаар тогтдог юм байна. Ингээд дараагийн шатны үзлэгийг лабораторийн эрхлэгч, хэлтсийн дарга нар тогтмол хийж хэвшжээ.Мөн энэ хавар гадна талбайдаа шар хуайс 260, голт бор зургаа, агч 21-ийг болон мандлын цэцэг, нэг наст ургамал тарьсан байна. Мод услах хуваарийг аргачлалын хамт нарийн гаргаж өгсөн нь анхаарал татав. Миний бие тус хамт олны ажил үйлсийг сурвалжилхаар очсон өдөр л гэхэд тэд албатайгаа хамтарч 21 агч мод нэмж тарихаар бэлтгэсэн байлаа. Учир нь, албаны ажилтны тоогоор уг модыг тарьж, тухайн эзэнд нь хариуцуулах ажээ.
Тус хэлтсийн ажлын бас нэгэн санаа авахуйц онцлог бол ажилтнуудынхаа ажил үүргийн хуваарийг оны эхэнд баталж, тухайн хариуцагч ямар нэгэн гэнэтийн асуудал гарсан үед орлож ажиллах ажилтныг ч давхар хуваарилдаг юм байна. Тиймээс ажил алдагдах, цалгардах тохиодол гарахгүй. ХАБЭА-н албаны Эрүүл ахуйн хэлтэс нь 16 ажилтантай хэдий ч ажлын байрны эмх цэгц, ариун цэврийн хувьд өндөр түвшинд ажиллахыг зорьж байгаа нь орсон гарсан хэн бүхний нүдэнд илхэн. Энэ хамт олны ажлын байрны тохижилт, эмх цэгцээс жижиг гэлтгүй сурах, санаа авах зүйл олон аж.Ажлын байрны соёлыг ийнхүү нэвтрүүлэн, хэрэгжүүлж буй тус хамт олон төмөр замчдынхаа дунд хөдөлмөрлөж, илүү ээлтэй, таатай орчныг бүрдүүлэхээр шамдаж байна.
Б.Золжаргал