Монгол Улс, БНХАУ-ын гол боомт болох Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын бараа эргэлт энэ оны эхний сард 1.42 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 90 гаруй хувиар өссөнийг “China Railway Hohhot Group” мэдээллээ. БНХАУ-ын тал тус боомтоор 1.18 сая тонн ачаа импортолж, 238.6 мянган тонн ачаа экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Covid-19-ийн тархалтын улмаас тогтоосон хязгаарлалт суларснаас гадна гаалийн бүрдүүлэлт, шалгалт, ачаа тээврийн явцыг хөнгөвчилсөн нь эергээр нөлөөлснийг “China Railway Hohhot Group” онцолж байна. БНХАУ-ын талын Эрээн боомт нь БНХАУ-Европ чиглэлийн ачаа тээврийн галт тэрэгний 64 шугамыг ажиллуулж байгаа төдийгүй нийт 10 гаруй орны 60 гаруй гадаад чиглэлийг холбодог. Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газар гаалийн бүрдүүлэлтийг шуурхай явуулахын тулд тээврийн хэрэгслийг мэдээлэлжүүлэлтийн шинэ арга хэлбэрээр шалгаж, бүх цагт хүлээх шаардлагагүй нөхцөл байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: bloombergtv.mn