Нүүр Боловсрол "Эрдмийн түлхүүр" уралдаан хүрээгээ тэлж, урамшууллаа нэмнэ
Боловсрол

"Эрдмийн түлхүүр" уралдаан хүрээгээ тэлж, урамшууллаа нэмнэ

G.Press 19 цагийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Төмөр замын Их сургууль, УБТЗ-ын Политехник коллеж, Хүүхдийн сектор, Нийслэлийн ерөнхий боловсролын 51, 73 дугаар сургуулийн багш нарын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа болон сурган хүмүүжлэх шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Эрдмийн түлхүүр" уралдааныг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

2025-2026 оны хичээлийн жилийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, сургалт эрдэм шинжилгээний ажлын амжилтаар "Эрдмийн түлхүүр" уралдааны “Манлайлагч багш”, “Судлаач багш”, “Шилдэг мэргэжлийн бүлэг”-т шалгарсан багш, хамт олонд шагнал гардуулах ёслол өнгөрсөн Пүрэв гарагт МҮЭСТО-д боллоо.

Ёслолын ажиллагааг нээж МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Одоогоос 60 жилийн өмнө БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монголын багш нарын баярын өдөр”-ийн тэмдэглэдэг болжээ. 1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон. Ингэснээр багш нарын алдар гавьяаг улс үндэстэн болгон алдаршуулж, бахархан тэмдэглэдэг болсон. Энэ баяр бол хүн болгонд хамаатай баяр юм. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос жил болгон Багш нарын баярыг угтаж "Эрдмийн түлхүүр" уралдааныг зохион байгуулдаг уламжлал тогтсоноос хойш зургаа дахь жил болж байна. Уралдааны шилдэгийг тодруулах ажлын хэсэгт миний бие анх удаа орж ажиллалаа. "Эрдмийн түлхүүр" уралдаан маань анх тавьж байсан зорилгодоо хүрсэн байна. Цаашид хэрхэн яаж сайжруулах талаар ажлын хэсэг анхаарлаа хандууллаа. Ингээд энэ сарын 16-ны дотор УБТЗ-ын харьяа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг ТЗИС, ПТК, Хүүхдийн сектор, ерөнхий боловсролын 51, 73 дугаар сургуулиудын ҮЭ-ийн хороод тодорхой саналаа нэгтгэж шийдвэр гаргахаар тогтсон. "Эрдмийн түлхүүр" уралдааны санхүүгийн эх үүсвэрийг оролцогч байгууллагууд ээлжилж гаргадаг болох, шагналын санг нэмэгдүүлэх, багш нарын хөгжлийг дэмжих бодлого баримтлах, харилцан адилгүй ялгаатай боловсролын байгууллага, багш нарыг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох, оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ болзолт уралдааныг сайжруулахад төлөвлөлт маш чухал юм. Аливаа зүйл төлөвлөлт сайн байвал үр дүн сайн гарна. Бид дараагийн таван жилийн хүрэх түвшинг олж харсан байгаа.  Нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнээр МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо их бахархаж байна. Энэ жил шүүгчдийн комисст ажилласан гадны сургуулийн эрдэмтэн багш нар биднийг магтаж, ҮЭ нь ийм сайхан ажил санаачилж багш нарынхаа хөгжлийг дэмжиж байгаа нь сайшаалтай. Энэ сайн туршлагаа улам дэлгэрүүлж хүрээгээ тэлж, зөвхөн төмөр замын хэмжээнд биш бусад их дээд сургуулийн багш нарыг хамруулж, хүрээгээ тэлэх боломж байна уу гэж асууж байлаа. "Эрдмийн түлхүүр" уралдаанд оролцсон нийт багш, баг хамт олонд баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэн ерөөж, багш нарын баярын мэнд хүргэе” гэв.

“Эрдмийн түлхүүр" уралдааны “Шилдэг мэргэжлийн бүлэг”-ээр Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн Гадаад хэлний мэргэжлийн багш нарын бүлэг шалгарлаа. Тэд энэ уралдаанд хоёр жил дараалан шалгарч байгаа ажээ.  “Судлаач багш”-аар ТЗИС-ийн электроникийн ахлах багш Д.Амартүвшин (Ph.D), “Манлайлагч багш”-аар УБТЗ-ын хүүхдийн секторын харъяа “Ганзам” 179 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Наран, Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн багш Н.Буян-Ундрах, Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн багш Ж.Энх-Ундраа нар тус тус шалгарлаа.

 “Эрдмийн түлхүүр" уралдаанд шалгарсан багш, хамт олны сэтгэгдлээс хүргэе.  

ТЗИС-ийн электроникийн ахлах багш Д.Амартүвшин (Ph.D):

Би энэ удаагийн “Эрдмийн түлхүүр” уралдаанд гурван бүтээлээр оролцсон. Эхнийх нь орчин үеийн хиймэл дагуулын технологид хиймэл оюун ухааны хэрхэн ашиглах вэ, бусад хоёр нь хиймэл оюун ухаанаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай бүтээлүүд байсан. Өмнө нь би онолын түвшинд хийж байсан судалгаагаа бодит байдлын судалгаа болгож өргөжүүлж сайжруулсан учраас намайг  “Судлаач багш”-аар шалгаруулсан байх.

Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирал Мягмаржав:

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан “Эрдмийн түлхүүр” уралдаанд шалгарч, амжилт гаргасан нийт багш, багт хамт олондоо халуун баяр хүргэе. МТЗ-чдын ҮЭ нь ерөнхий боловсролын 51, 73 дугаар сургуулиудын багш сурган хүмүүжүүлэгчдийг зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр төдийгүй багш сурган хүмүүжүүлэгчдийг чадавхижуулах, сургах чиглэлээр дэмжиж тусалж байдагт талархлаа илэрхийлье.

ПТК-ийн замын мэргэжлийн багш Д.Ариунболор:

Би энэ уралдаанд улсын хэмжээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд ханын илтгэлээр тавигдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах вэ?” гэсэн судалгааны бүтээлээрээ анх удаа оролцож, “Манлайлагч багш”-аар шалгарсандаа баяртай байна. Миний бүтээл нь дэлхийн бусад орнуудад ХАБЭА-н сургалтыг хэрхэн зохион байгуулж байгааг манай орны жишээн дээр харьцуулан судалж, хичээл сургалтыг уламжлалт аргаар бус, орчин үеийн шинэлэг технолгиор оюутнуудад хэрхэн үр дүнтэй хүргэх вэ,  оюутнууд  ажлын байранд очихоосоо өмнө ХАБЭА-н хандлага, соёлд суралцах нь чухал байдгийг хөндөж тавьснаар онцлог юм.

“Ганзам” 179 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Наран:

“Манлайлагч багш”-аар шалгарсандаа баяртай байна. Би боловсролын байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. Багшаар 10 жил, арга зүйчээр хоёр жил, эрхлэгчээр 14 дэх жилдээ ажииллаж байна. Манай Улсын тэргүүний “Ганзам” 179 дүгээр цэцэрлэг маань нийт найман бүлэг, 200 хүүхэдтэй, 34 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулдаг. УБТЗ-ын зүгээс хүүхдийн сурч, хөгжих, хүмүүжлийн таатай эерэг орчныг бүрдүүлэх зорилгоор манай цэцэрлэгийг сурглт арга зүйн олон танхим, усан бассайн чийрэгжүүлэх танхимтай шинэ барилгатай болгож маш том бүтээн байгуулалт хийж өгсөнд баяртай байна.  

 

Г.Энхбаатар

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.