“Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч Та

Оюун гийлгэм ээлтэй замыг зааж өгч Та

Оройд дээдлэм ардын багш Таны

Ойд шингээсэн сайхан алдрыг магтъя аа” хэмээн багшийн алдрын магтан дуулснаар МТЗ-чдын ҮЭХ-ны “Эрдмийн түлхүүр” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэллээ. Багш нарын баярыг тохиолдуулан гурав дахь жилдээ зохиож буй "Эрдмийн түлхүүр" болзолт уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 3-нд МҮЭСТ ордонд боллоо. Шагнал гардуулах ёслолд УБТЗ-ын Төмөр замын дээд сургууль, Политехник коллеж, Хүүхдийн сектор, Нийслэлийн ерөнхий боловсролын 51, 73 дугаар сургуулийн багш, удирдлагууд оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дэд дарга Х.Тулга, "МТЗ-чдын ҮЭХ өнөөдөр 17 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн өнөр бүл болжээ. МТЗ ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ҮЭ-ийн хороод нэгдсэн. ҮЭ-ийн 60 хороод дотроос төмөр замын, боловсролын, эрүүл мэндийн салбарууд бүгд нэгдсэн байдаг.Иймд өнөөдөр боловсролын салбарынхнаа дэмжиж, хамтран "Эрдмийн түлхүүр" болзолт уралдааныг гуравдахь жилдээ зохион байгуулж байна. ҮЭ-ийн холбоонд эвлэлдэн нэгдсэн ТЗДС, ПТК, Хүүхдийн сектор, 73, 51 дугаар сургуулийн ҮЭ-ийн хороодоор дамжуулан МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг сурталчлах, таниулах багш нарынхаа үйл ажиллагааг дэмжих, идэвхижүүлэх зорилготой юм. Жил ирэх тутам шалгуур үзүүлэлтүүд нэмэгдэж байна. Уг шалгаруулалтын үйл явц, үзүүлэлт тус бүрийг хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Энэ удаад боловсролын яамны ҮЭ-ийн гишүүд оролцсон. Та нартаа олон улсын багш нарын баярын мэндийг хүргэж энэхүү үйл ажиллагаа нээснийг мэдэгдье" гэлээ.

ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэн доктор "Энэхүү ёслолд хүрэлцэн ирсэн нийт багш ажилчдадаа багш нарын баярын мэнд хүргэе. Бид залуучууд, хүүхдүүдтэй ажилладаг учраас багш гэх нэрийг сонсохдоо сэтгэл хөдөлдөг, огшдог юм. Өнөөдрийн ёслол ч мөн адил огшоосон сайхан үйл явдал болж байна. Оюуны хөрөнгө оруулалт бол аливаа зүйлийн анхдагч байдаг. Иймд энэ ажлыг маань үнэлнэ гэдэг сайн үйл хэрэг юм. Багшаа гэж дуудуулах тоолонд мянган бурхан цэцэглэдэг хэмээн баярлаж явдаг. Сурган хүмүүжүүлэгч, оюуны хөрөнгө оруулагч биднийг үргэлж дэмжиж, үнэлж урамшуулж байдаг Б.Алтанхуяг болон Х.Тулга дэд даргатай ҮЭХ-ны хамт олондоо баярласнаа илэрхийлье" гэв.

Ийнхүү шагнал гардуулах үйл ажиллагаагаар үргэлжилж, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Х.Тулга, ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн, ПТК-ийн захирал Ё.Бямбатогтох, 73 дугаар сургуулийн захирал н.Арслан нар шагнал гардуулав.

“Эрдмийн түлхүүр” уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж дүгнэжээ. Багш нарын сурган хүмүүжүүлэх арга барил, бүтээлч үйл ажиллагаа, судалгаа,  эрдэм шинжилгээний ажил гээд тухайн жилд гаргасан олон үзүүлэлтээр багш нарыг тодруулсан байна. Энэ жилийн тухайд  “Эрдмийн түлхүүр” уралдааны журам, удирдамжийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль, политехник коллежийг хамруулан шат шатны  боловсролын үйл ажиллагааны онцлогт нь тохируулан шинэчлэн найруулж баталж гаргаснаараа давуу талтай гэнэ. Нэлээд нарийн шалгуур үзүүлэлтээр  удирдамж гарган, дүгнэхдээ  Нийслэлийн боловсролын газар, Боловсролын яамнаас хамтран баг гаргаж, шалгаруулсан. Уралдаанд ирүүлэх боловсролын байгууллагуудын идэвх оролцоо ч жил ирэх бүр сайжирч, удирдамж нь ч чамбайрч байгааг дэд дарга Х.Тулга онцолж байлаа.  

“Эрдмийн түлхүүр” уралдааны “Судлаач багш”-аар ТЗДС-ийн Орос хэлний багш Б.Баяржаргал шалгарч батламж мөнгөн шагналаа гардан авсан юм.

“Манлайлагч багш” батламжийн эзнээр Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн багш Н.Отгончимэг, Хүүхдийн секторын харьяа “Моносхон” цэцэрлэгийн эрхлэгч О.Бадамцэцэг, Төмөр замын Политехник коллежийн багш Ө.Соёлцэцэг, Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн бага боловсролын багш Г.Пүрэвсүрэн нар тодорсон бол 2023-2024 оны хичээлийн жилийн “Шилдэг тэнхим”- ээр ТЗДС-ийн З.Отгонзул эрхлэгчтэй Дохиолол холбоо эрчим хүчний тэнхим тус тус шалгарч батламжаа гардан авлаа.   

 

Б. Баяржаргал: Судлаач багшаар шалгарсандаа маш их баярлаж байна

ТЗДС-ийн Орос хэлний багш

-2014 оноос багшлан улмаар ТЗДС-даа найм дах жилдээ багшилж байна. Судлаач багшийг үнэлэх ерөнхий гурван төрлийн шалгуур үзүүлэлт байсан. Би өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Хэл шинжлэлийн ухааны их сургуульд “Хэл шинжлэлийн ухааны доктор”-ын зэргээ хамгаалсан. Судалгааны чиглэл маань хэл шинжлэл юм. Их дээд сургуулийн багш нарт тавигддаг нэг шалгуур үзүүлэлт бол судалгаа хийх шаардлага тавигддаг. Тиймээс үндсэн сургалтын үйл ажиллагаанаас гадна судалгаа хийдэг. Улмаар олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бүтээл судалгаа нь тавигдаж, олон улсын хурлуудад хэлэлцэгдэж байж багшийн чадварыг үнэлэх нэг шалгуур болдог. Миний бие дээрх шаардлагыг хангаж ажилласандаа сэтгэгдэл өндөр байна.

 

Г.Пүрэвсүрэн: Шавь нартаа талархаж байна. Бидний хамтын хөдөлмөр

Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн бага боловсролын багш

Би боловсролын байгууллагад ес, 73 дугаар сургуульдаа дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ шалгаруулалтад багшийн өөрийгөө болон сурагчдыг  хөгжүүлэх, эцэг эх асран хамгаалагчтай хэрхэн ажилладаг, түүнээс гарсан үр дүнг харгалзан үзэж шалгаруулсан гэж ойлгож байна. Энэ батламжийн ард хүүхдүүдийн минь үзүүлэлт бий. Монгол хэлний хичээл дээр  “Эх хэлээрээ алдаагүй цэвэр бичих” анги шалгаруулах уралдаанд бид ангиараа оролцож өнгөрсөн жил манай анги нийслэлийн хэмжээнд шилдэг ангиар шалгарсан. Бусад шалгуур үзүүлэлттэйгээ нийлээд энэ л үзүүлэлт манлайлагч багшид тодорхойлоход нөлөөлсөн болов уу. Бяцхан шавь нартаа талархаж байна.

 

О.Бадамцэцэг: Шинэлэг бүтээлч ажлууд хийсэн хамт олныг минь үнэлжээ

Хүүхдийн секторын харьяа “Моносхон” цэцэрлэгийн эрхлэгч

-Миний бие Хүүхдийн секторын харьяа Моносхон цэцэрлэгтээ 33 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 23 жилд нь цэцэрлэгийнхээ эрхлэгчээр ажиллаж байна. Секторын хэмжээний 27 цэцэрлэгээс СӨБ-ын сургалтын шинэлэг арга зүйг боловсруулж, хүүхдэд ээлтэй ногоон орчин бүрдүүлж, шинэлэг бүтээлч ажлуудыг хийсэн амжилтыг үнэлж, манлайлагч багшаар тодруулсан болов уу. Хүүхдийг хөгжүүлэх төсөл тоглоомын аргаар бүтээлч ажлууд хийж, хүүхдийн эрүүл мэнд хөдөлгөөнийг дэмжсэн. Манай цэцэрлэг үйлдвэрчний бүлгийн зохион байгуулагчтай. Бид ҮЭХ-тойгоо маш сайн хамтарч ажилладаг.

 

З.Отгонзул: Олон шалгуур үзүүлэлтээр манлайлж чадлаа

ТЗДС-ийн Дохиолол холбоо эрчим хүчний тэнхмийн багш

Тэнхмийг 10 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн. Манай тэнхим зургаан багштай. Тэдний 50 хувь буюу гурав нь үйлдвэрчний эвлэлийн хороондоо сонгуульт ажил хийж байна. Манай багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажилд идэвхийлэн оролцдог. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хоёр эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлж хоёрыг хэвлүүллээ. Дотооддоо маш олон өгүүлэл хэлэлцүүлж хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний хурлуудад маш идэвхтэй оролцлоо.Мөн оюутнуудаа уралдаан тэмцээн олимпиадад хамруулсан байдал, тэдний гаргасан амжилт бас нөлөөлсөн. Манай хөтөлбөрийн  өдрийн анги 129 оюутантай. Тэднээс сүүлийн нэг жилд гэхэд л 51 оюутан ЗТХЯ болон ҮЭХ-ны тэтгэлэг авч, эрдэм шинжилгээ судалгааны ажилд идэвхитэй оролцсон  АБ Робокон гэх мэт тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Манай тэнхим зургаан анги танхим лабораторитой. Ажлын байрны соёл 5S –ийг хэрэгжүүлж ажилладаг.СИРДЕ-П кабинет Дохиолол холбоо эрчим хүчний тэнхимд харьяалагддаг. Энэ кабинетийг шинээр тохижуулсан. Сургалтын полигондоо тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан гэхчлэн маш олон ажлуудыг 2023-2024 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэжээ. Манай сургуулийн 70 жилийн ой ч тохиолоо. Энэ ойгоороо дөрвөн том ажил төлөвлөснөөс бүгдийг нь хийж дууслаа. 2020 оноос хойш манай хоёр шатлалт хөтөлбөрийн оюутнууд ҮЭХ-ны тэтгэлгийг бүгд хүртсэн. Сүүлийн жилд багийн системд ороод холбооны оюутнууд маань тус бүр 15 кредитийн урамшууллыг хүртлээ.Энэ бүх шалгуур үзүүлэлтээр тэнхим маань шилдгээр шалгарсанд баяртай байна.