МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг багш, хамт олныг шалгаруулах “Эрдмийн түлхүүр” болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ. Тус уралдааны 2022-2023 оны хичээлийн жилд гишүүн сургалтын байгууллагуудынхаа багш нарын хийсэн ажил, амжилтаар нь дүгнэн шилдгүүдэд шагнал гардуулах ёслол саяхан МҮЭ-ийн Соёлын ордонд боллоо. Уг ёслолд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, ТЗДС-ийн захирал, доктор профессор У.Мягмарсүрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Бямбасүрэн, 73 дугаар сургуулийн захирал Ш.Арслан болон 51, 73 дугаар сургуулийн төлөөлөл, ҮЭ-ийн хороодын дарга нар оролцлоо. Энэ нь багшийн бүтээлч ажлыг дэмжих, үйлдвэрчний байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны болон сурган хүмүүжүүлэх шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан байна.
Шагнал гардуулах ёслолыг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг нээж “Энэхүү болзолт уралдааныг анх 2019 онд Үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлээр эвлэлдэн нэгддэг ТЗДС, Политехник коллеж, Хүүхдийн сектор болон Ерөнхий боловсролын 73, 51 дүгээр сургуулийн багш, ажилчдынхаа дунд зарласан. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас хоёр жилийн хугацаанд шалгаруулалт хийлгүй өнжөөд ноднин зохион байгуулж, шилдэг багш нарын шагналыг Дэлхийн багш нарын баярын үеэр гардуулсныг та бүхэн мэднэ. Энэ жилийн хувьд уралдаан маань улам боловсронгуй болж, өргөн хүрээг хамрах боллоо. Дэлхийн багш нарын баярыг ЮНЕСКО-гоос 1996, Монголын багш нарын өдрийг 1966 оноос хойш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдөр манай багш, ажилтнууд ч хийсэн бүтээснээ үнэлүүлэн шагналаа гардаж буйд баяртай байна. ЕБС-ийн хувьд багш нар хувиараа болон заах аргын нэгдлээрээ, Хүүхдийн секторын багш нар багаараа, ТЗДС, Политехникийн коллежийн хамт олон тэнхимээрээ материалаа ирүүлсэн. Бид хувь хүн болон багийн төрлөөр шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдааныг дүгнэхдээ гурван гишүүнтэй хөндлөнгийн комисс ажиллаж дүнгээ гаргасан. Уралдаанд материалаа ирүүлж өрсөлдсөн нийт багш ажилтнууд, хамт олонд баярлаж талархсанаа МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа илэрхийлье. Багш нарын ур чадварыг дээшлүүлэх нь болзолт уралдааны эрхэм зорилго бөгөөд түүгээр дамжуулан монгол хүүхэд бүр СӨБ-оос эхлээд сургууль, коллеж, дээд сургуульд суралцах үе шат бүртээ чанартай боловсрол эзэмших нь чухал. Цаашлаад, уг уралдааныг зохион байгуулж байгаа нь өндөр боловсролтой иргэнийг бүтээхэд МТЗ-чдын ҮЭ-ийн байгууллагаас оруулж буй хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шилдэг боловсон хүчин бэлтгэхэд дээр дурдсан багшийн ур чадвараас гадна тэдний ажлын нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудал ч нөлөөлдөг болохыг анзаарсны үндсэн дээр уралдааныг анх санаачилсан. Жил ирэх тусам улам бүр өргөжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Багшийн гараар дамжаагүй нэг ч иргэн байхгүй. Ингээд бүтэн жилийн ажлын бүтээмжээ дүгнүүлж, хамт олноо, мэргэжил нэгтнүүдээ манлайлсан багш нар, заах аргын нэгдлийн хамт олонд цаашдын ажилд нь илүү их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний сурган хүмүүжүүлэх үйлс гэгээн дардан байх болтугай” гээд шагналыг гардууллаа.
С.Галбадрах: “Шилдэг багш”-аар шалгарсандаа баяртай байна
ТЗДС-ийн хөдлөх бүрэлдэхүүний багш:
-Ноднин манай сургуулийн Зүтгүүрийн аж ахуй, Вагоны аж ахуйн мэргэжлийн Хөдлөх бүрэлдэхүүний хөтөлбөрийн хорооны найман багш тус бүртээ болон багаараа хийсэн ажлаараа шалгарч, энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон. Манай хөтөлбөрийн хорооны багш нар сургалтын үндсэн үйл ажиллагаанаас гадна судалгаа шинжилгээний бүтээл, сургалтын орчныг хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудаараа уг уралдаанд оролцдог. Энэ жилийн хувьд миний судалгааны бүтээлүүдээс Москвагийн Зам харилцааны их сургуулийн “Мир транспорта” болон Омскын Зам харилцааны их сургуулийн “Транс известия” сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Мөн манай хамт олон сургалтын хөтөлбөрөө шинэчилснээр оюутнууд маань сургууль төгсөхөөсөө өмнө мэргэжлийн зэргийн шалгалт өгч тэнцсэн. Өөрөөр хэлбэл, оюутан сургууль төгсөхдөө мэргэжлийн зэрэгтэйгээр төгсөж байгаа юм. Үүнээс гадна би “Зүтгүүрийн найдваржилт” номоо хэвлүүлж, уншигчдынхаа гар дээр тавьсан. Түүнчлэн, манай дээр виртуал лаборатори нээж ашиглахад бэлэн болсон зэрэг ажлын амжилтаараа шалгарч “Шилдэг багш”-аар шалгарсандаа баяртай байна.
Б.Чулуунцэцэг: Цаашид илүү сайн ажиллах их урам өглөө
73 дугаар сургуулийн бага боловсролын багш:
-Би 73 дугаар сургуульд ес дэх жилдээ ажиллаж байна. Энэ жил “Эрдмийн түлхүүр” болзолт уралдаанд ганцаарчилсан төрөлд оролцож “Шилдэг багш”-аар шалгарсандаа маш их баяртай байна. Цаашид илүү сайн ажиллах их урам өглөө. Манай анги ноднин гуравдугаар ангидаа сургуулийн шилдэг анги болсон. Үүнд сурагчдын хичээл зүтгэлээс гадна эцэг эхчүүдийн тусламж дэмжлэг нөлөөлсөн гэж бодож байна. Учир нь, өнгөрсөн хавар эцэг эхчүүд маань кабинет тохижуулж, бидэнд шинэ ширээ сандал, хувцасны шүүгээ зэргийг авч өгсөн нь сургалтын үйл ажиллагааг дэмжсэн чухал алхам болсон. Багш миний хувьд хоёр төрлөөр сургагч багш болж, улам хичээнгүйлэн ажиллаж байна. Энэ хичээлийн жилд манай 4в ангид 32 сурагч суралцаж байгаа. Уралдааныг зохион байгуулж дэмжсэн МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
Д.Мягмаржаргал: Нэг баг болж, хамтран ажилласны үр дүн гарлаа
73 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдлийн ахлагч, багш:
-Манай сургууль 2002 онд үйлдвэрчний хороотой болсон юм. Тэр цагаас хойш буюу 21 дэх жилдээ МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллаж байна. “Эрдмийн түлхүүр” уралдааны явцад оролцогч багш, заах аргын нэгдлүүдийн ажилтай танилцахад бусдаасаа суралцах, санаа авах зүйл маш их байлаа. Танай сониноор дамжуулан уралдаанд оролцсон болон шилдгээр шалгарсан бүх багш, заах аргын нэгдлийнхэнд баяр хүргэе. Манай сургууль сүүлийн дөрвөн жил монгол хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Баянгол дүүрэгтээ дээгүүр байрт орж байгаа. Тухайлбал, 2021, 2022 онд тус бүр хоёрдугаар байрт шалгарсан. Харин олимпиад уралдааны хувьд 9а анги маань дүүргийн болон улсын олимпиадуудад тус бүр гуравдугаар байрт шалгарсан бахдам амжилт гаргасан. Мөн 12 дугаар ангийн хоёр сурагч тэргүүн болон дэд байрт шалгарсны зэрэгцээ наймдугаар ангийн сурагч маань гуравдугаар байрын эзэн боллоо. Үүнээс гадна Б.Баясалмаа багш бид хоёр үндэсний сургагч багш болж, Баян-Өлгий аймагт очиж, төгсөх ангийн сурагчдад сургалт явуулсан. Энэ үеэр мэргэжил нэгт багш нартайгаа хамтран хичээл бэлтгэж, харилцан туршлага солилцож ажиллалаа. Түүнчлэн, манай баг илтгэлийн уралдаанд сургуульдаа хоёр, дүүрэгт гуравдугаар байр эзэлсэн. Монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдэл маань түрүү жил зургаан багштай байсан бол энэ хичээлийн жилд найман багштайгаар ажиллаж байна. Бид энэ уралдаанд амжилттай оролцсон нь багш нар маань нэг баг болж, төлөвлөгөөний дагуу хамтран ажилласны үр дүн юм.
Б.Алтан-Од: Ажлаа дүгнүүлж, үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан
“Солонго” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш:
-“Эрдмийн түлхүүр” болзолт уралдааны удирдамж манай цэцэрлэгийн арга зүйчид ирсэн байсан. Тэгээд намайг “Чи өнгөрсөн жилийн ажлаар байгууллагын оны аварга болсон юм чинь энэ уралдаанд оролцвол болох юм байна. Материалаа бүрдүүлээд өгөх үү” гэж санал тавьсан. Удирдамжтай нь танилцтал 2022-2023 оны хичээлийн жилд хийсэн ажлууд маань болохоор санагдсан. Би “Солонго” цэцэрлэгийг нээгдэхэд л багшаар орж байлаа. Цэцэрлэгтээ үйлдвэрчний эвлэлийн ажил хийж байсан болохоор ҮЭ-ээс зохион байгуулдаг бүхий л ажилд гар бие оролцдог. Тухайлбал, байгууллагын цасны баяр, хүүхдүүдийн оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэх гээд олон ажлыг манлайлан зохион байгуулдаг. Тиймээс хийсэн ажлуудаа удирдамжийн дагуу бэлтгээд өгтөл “Шилдэг багш”-аар шалгарлаа. Маш их баяртай байна. Энэ уралдаан нь багш нарт урам зориг өгдөг юм байна. Хийсэн ажлаа дүгнүүлж, үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан юм. Миний хийсэн ажил бусдад хэрэгтэй, үр дүнтэй байгаа юм байна гэдгийг мэдрүүлсэн зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Цаашид энэ уралдаан илүү олон багшид урам зориг өгч, өргөн хүрээтэй зохион байгуулагддаг болоосой гэж хүсэж байна.
М.Нямдэлгэр: Хоёр дахь удаагаа “Шилдэг багш”-аар шалгарч байна
51 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багш:
-Би энэ уралдаанд хоёр дахь удаагаа “Шилдэг багш”-аар шалгарлаа. Өнгөрсөн жилийн шагналыг гардаж аваад маш их урам орсон. Тиймээс илүү их хичээж ажиллаад дахин шалгарсандаа баяртай байна. Засгийн газрын тогтоолоор үндэсний хэмжээнд цахим системийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үндэсний цахим хичээлийг боловсруулах ажилд түүх, нийгмийнхээ салбараас шилдэг багш болсон. Ингэснээр 10 мянган хичээлийн баярын үйл ажиллагаанд уригдсан. Би “medle.mn”-д нийт 91 контент хичээл боловсруулж байршуулсан амжилтаараа шалгарлаа. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо боловсролын салбарыг дэмждэг. Энэ нь ирээдүйгээ дэмжиж байгаа хэлбэр гэж би харж байгаа. Харин энэ уралдаанд залуу багш нар орж ирэх боломж хомс байдаг. Тиймээс цаашид ажилласан жилээр нь хараад насны ангилалтайгаар зохион байгуулбал илүү өргөн цар хүрээтэй болно гэж харж байна.
М.Наранболд