Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Мөн үйлдвэрийн үндсэн орд Эрдэнэтийн овооны ордыг нээгээд 60 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулаад 50 жил болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдөр 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1 тэрбум ам.долларыг Монголбанканд, 2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр ажиллаж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон ойн баярын мэндчилгээндээ онцолсон байна.
Тэрбээр, “Энэ бол түүхт ойгоо угтсан уурхайчин бидний бахархал төдийгүй, анхны баяжмалаа үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи цаг хугацааны түүхэн дээд амжилт, Эрдэнэтийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм” гэжээ.
“Эрдэнэт үйлдвэр” 2022 онд 33.6 сая тонн хүдэр боловсруулсан бол энэ онд дээрх тоог 36.9 сая тоннд хүргэж байгаа нь түүхэн дээд амжилт болж байгаа аж.
Монгол Улсын Баатар Эрдэнэтийн уурхайчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, эх орныхоо газрын баялгийг хаягдалгүй, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна хэмээн тэрбээр тодотгон хэллээ.
