Эрчим хүч ус хангамжийн ангиудын хэмжээнд  өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байна.  Энэ тухай  манай сурвалжлагчийн асуултад  холбогдох мэргэжлийн инженерүүд ингэж хариуллаа.

 

Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн инженер Ш.Мөнхжаргал:

   -Замын даргын 2023 оны зургадугаар сарын 13-ны өдрийн А/553 тоот тушаалын дагуу 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар ангийн хэмжээнд 39 ажил төлөвлөсөн. Замын захиргаа болон Эрчим хүчний төвөөс үүрэг болгосон нийтдээ 57 ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт  наймдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 67.4 хувьтай байна.

Тодруулбал, эрчим хүч , ус хангамжийн байгууламжийн хоёр, цахилгааны аж ахуйн 16, усны аж ахуйн дөрөв, уурын зуух халаалтын системийн  зургаа, барилга байгууламжийн хоёр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нэг, нүүрс галлагааны дөрөв, анхны өвөлд ажиллагсдын сургалтын чиглэлээр нэг, авто тээврийн хэрэгслийн чиглэлээр гурван ажил хэрэгжүүлж байна.

 Үүнээс замын хөрөнгө оруулалт, засварын ажилтай холбоотой долоон байршилд  өмхөрч, насжилтын хугацаа дууссан 51 ширхэг модон тулгуурыг шинэчлэн сольсон. Одоо үлдсэн гурван байршилд 46 ширхэг модон тулгуур солино.

Нийт цахилгаан, ус хангамжийн шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны засвараар Мандал РП яч№4-өөс Аршаант хүртэлх ЭЦ-н 10кВ ЦДАШ-ын засвараар  төмөр бетон тулгуур 194 ширхэгийг солих, Баруунхараа 110/10кВ яч№15-аас 10кВ ЦДАШ-ын засвараар 48 төмөр бетон тулгуурыг солихоор хоёр байршилд 242 төмөр бетон тулгуур босгох, 16.9 км цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэнэ.

- Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа амжих уу?

-Дээрх ажлууд  төлөвлөгөөний дагуу долдугаар сарын гурав дахь долоо хоногт эхлэх байсан ч төмөр бетон тулгуур худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотойгоор хугацаанаасаа нэг сараар хойшилсон. Үндсэн материал болох төмөр бетон тулгуураар хангах ажил хурдан ирвэл дээрх засварын ажлуудыг есдүгээр сарын эхний хагаст багтааж гүйцэтгэх бүрэн боломжтой.

Долдугаар сард хур тунадас их хэмжээгээр орсноос барилга байгууламж, шугам сүлжээнд ихээхэн хүндрэл үүсэж нэмэлт засварын ажил  гараад байна. Жишээлбэл, өндрийн дэд станцын барилгуудын дээвэр, Баруунхараа өртөөний ус түгээх байр, Салхит ТП-8 дэд станцын барилга, Багануур дэд станцын барилга гэх мэт ажлууд нэмэлтээр хийгдэж, хөрөнгө санхүүжилт шаардлагатай боллоо.

Шинээр ажилд орсон болон анхны өвөл ажиллагсадын I шатны сургалтыг  зургадугаар сард зохион байгуулсан. II шатны сургалтыг есдүгээр сарын эхний долоо хоногт хийхээр төлөвлөсөн.

 

Эрчим хүч ус хангамжийн II ангийн орлогч дарга, ерөнхий инженер  Г.Өглөөбаяр

 

   - Манай анги 2023-2024 оны өвлийн бэлтгэлд нийт 53 ажил төлөвлөсөн. Төлөвлөгөө 70 хувийн биелэлттэй байна. Биелэгдсэн томоохон ажлуудаас дурьдвал, Айраг конторын барилгыг шинээр барих ажлыг өөрсдийн хүчээр барьж, байнгын ашиглалтад оруулан хүлээж авлаа. Сайншанд тосгоны баруун тойрог 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх ажлыг бүрэн хийсэн. Мөн Чойр 650 дугаар км, Зүүнбаян 32 дугаар км гармуудыг жишиг гарам болгохтой холбоотойгоор их барилгын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэв. Өргөн-Улаан-Уул хоорондын 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төлөвлөгөөт их засварын ажлыг 19 хүний бүрэлдэхүүнтэй бригад хийж байна. Төлөвлөсөн ажлуудаас 35 ажил маань бүрэн дууссан.

Харин хэрэгжих шатандаа явж байгаа хоёр ажил байна. Мөн хугацаа нь болоогүй 16 ажлаа богино хугацаанд хийж гүйцэтгэхээр манай хамт олон чармайн ажиллаж байна. Нүүрс татан авалт зэрэг үлдсэн ажлууд маань ес, аравдугаар сард бүрэн биелэх боломжтой.