Энэтхэг улсын Одиша мужид гурван галт тэрэг мөргөлдсөн аймшигтай осол өнгөрсөн 2-ны өдөр гарчээ. Ослын улмаас дор хаяж 288 хүн амиа алдаж, 850 гаруй хүн гэмтэж бэртэв. Энэ нь сүүлийн 20  гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж байна. Аврах албаныхан шуурхай ажилласаар байгаа аж. 

Энэтхэг улсад энэ мэт галт тэрэгний осол өмнө хэд хэдэн удаа гарч байсан. Тухайлбал, 1981 онд Бихарын гүүрээр гарч явсан галт тэрэг замаасаа хазайж онхолдсоноор 800-1000 хүн амь үрэгдэж байжээ. Баасан гаригийн ослыг 1990-ээд оноос хойших хамгийн аймшигтай осол гэж тооцож байна. Гурван галт тэрэгний хоёр нь суудлын галт тэрэг байсан. Гурав дахь нь хөдөлгөөнд оролцоогүй байрандаа зогсож байсан ачааны галт тэрэг байжээ.

Осол болсон газраас эхлээд мужийн нийслэл хүртэлх зам дагуу байрласан төрийн болоод хувийн бүхий л томоохон эмнэлэгүүд шархадсан зорчигчдыг хүлээж авч, тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэмтэж бэртсэн зорчигчдыг тээвэрлэхийн тулд ослын газар руу түргэн тусламжийн 75 машин илгээжээ. Мөн олон тооны автобус ч дайчилсан байна.