Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээг бүрэн хангахын тулд импортоо олон эх үүсвэртэй байлгахад анхаарч эхлээд байгаа билээ. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсаас коксжих нүүрс импортлох сонирхол өндөр байгаа юм. Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зарим тэргүүлэх гангийн үйлдвэрүүд туршилтын журмаар импортолж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар ойрын хугацаанд далайд гарцгүй Монгол Улсаас саадгүй импортлох ложистикийн гарц, гаргалгааг боловсруулна гэж мэдэгдсэн. Энэ зорилгоор өнөөдөр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ноён Атул Малхари Готсурве УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковтой уулзаж УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлаар санал солилцов. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев болон УБТЗ-ын удирдах албан тушаалтнууд байлцлаа.